Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-22
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

 

 

 

 

 

 

“Наран тахилт” ХХК-ний нэхэмжлэлтэйзахиргааны

хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл

 

 

Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, нарийн бичгийн даргаар А.Доржпүрэв, нэхэмжлэгч Б.Алтантовч, түүний өмгөөлөгч А.Цэрэнпунцаг, хариуцагч Баян сумын Засаг дарга Б.Шинэгэрэл, гэрч А.Гантуяа нарыг оролцуулан “Төв аймгийн Баян сумын Засаг даргад холбогдох 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/111 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий “Наран тахилт” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан 11 цаг 30 минутанд эхлэв.

Даргалагчаас: Хуралдааныг нээж өнөөдрийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Баян сумын Засаг даргад холбогдох “Наран тахилт” ХХК-ний нэхэмжлэлтэй 2015 оны 02 дугаар сарын 09 өдрийн  А/111 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэнэ гээд нарийн бичгийн даргыг ирцийг илтгэ гэхэд:

Нарийн бичгийн даргаас: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Наран тахилт” ХХК-ий захирал Б.Алтантовч, түүний өмгөөлөгч А.Цэрэнпунцаг, хариуцагч Баян сумын Засаг дарга Б.Шинэгэрэл, гэрч А.Гантуяа нар ирсэн өөр дуудсан хүнгүй гэв.

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийг тайлбарлан өгөөд татгалзан гаргах үндэслэл байна уу гэхэд

Хэргийн оролцогчид: Татгалзал байхгүй гэцгээв.

Даргалагчаас: Хэргийн оролцогчийн биеийн байцаалттай танилцъя гэхэд

Нэхэмжлэгч: Ургийн овог Хиад боржигон Бат-очир овогтой Алтантовч, 1953 онд төрсөн, яс үндэс халх, хаяг: УБ, СХД,20 дугаар хороо нефть гудамж, 30-13 тоот РД: 53070107

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А. Цэрэнпунцаг шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1123

Хариуцагч: Биндэръяа овогтой Шинэгэрэл, Баян сумын Засаг дарга, Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг Дашгай хороо 1-А-5т ооттод оршин суудаг. РД:НВ81071401

Даргалагчаас: Хэргийн нэхэмжлэгчид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаад ойлгосон, асуух зүйл байгаа эсэхийг асуухад?

Нэхэмжлэгч: Ойлголоо асуух зүйл байхгүй гэв.

Даргалагчаас: Хэргийн хариуцагчид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаад ойлгосон, асуух зүйл байгаа эсэхийг асуухад?

Хариуцагч:  Байхгүй гэв.

Даргалагчаас: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  эхлэхээс өмнө нэмэлт нотлох баримт, нэмэлт тайлбар, санал хүсэлт байна уу гэхэд:

Нэхэмжлэгч: Өнгөрсөн 2 жилд  хийсэн Усны эх ундаргыг сэргээх, усны судлыг тогтоох, ажлын судалгааны материал 180 хуудас, усны ундаргад ган хоолой суурилуулах ажлын төлөвлөгөө 64 хуудас, 2010 онд төрийн санд газрын төлбөр 50000 төгрөг, төлсөн баримт 1 хуудас, 2014 онд төрийн санд газрын төлбөр 8000 төгрөг, төлсөн баримт 1 хуудас, нийт 226 хуудас нотлох баримтыг нэхэмжлэгч “Наран тахилт” ХХК-ий захирал Б.Алтантовч шүүх хурал дээр гаргаж өгөв.

Хариуцагч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулаад, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэх эсэхийг асуухад:

Нэхэмжлэгч: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, эвлэрэхгүй гэв.

Хариуцагч: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч тайлбараа гаргадаа гэхэд:

Нэхэмжлэгч: Төв аймгийн Засаг даргын 2000 оны 68 тоот захирамжид Элгэн рашааны эхийг тохижуулах болон усыг ашиглах “Наран тахилт” ХХК-ийн хүсэлтэд “Ус ашиглалт” газар эзэмшилтийн зөвшөөрлийг олгосон. Уг зөвшөөрлийг харахад манайх “Рашаан ус” ашиглах эрх авсан гэж ойлгож байна. Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/111 тоот захирамж, дээрх захирамжийг Газрын тухай хуулийн заалтыг үндэслэж хүчингүй болгожээ. Газрын тухай хуульд, газар эзэмшүүлэх тухай 29 дүгээр зүйлийн 6 дугаар заалт, газар ашиглуулах тухай 44 дүгээр зүйлийн 7 дугаар заалтад, ус ашиглах хүсэлт гаргах хуулийн үндэслэл байхгүй байна. Нэгэнт Газрын тухай хуулиар олгогдоогүй ус ашиглах зөвшөөрлийг Газрын тухай хуулийн заалтаар хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Наран тахилт” ХХК-д олгосон зөвшөөрөл нь Рашаан ус ашиглах тухай хуулиар олгогдсон гэж үзэж байна. “Рашаан ус” ашиглахад хавсаргах баримт нь Рашаан ус ашиглах тухай хуулийн 28.2.1 дэхь заалтын дагуу ус ашиглах усны эх үүсвэр рашаан булаг түүний байршил харуулсан зураг байдаг, газар эзэмших хүсэлт хавсаргах баримт бол газрын тухай хуулийн 32.2.2-т зааснаар газар эзэмших, газрын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ, зааг байршил, нэгж талбарыг харуулсан зураг байдаг. Үүнээс үзэхэд газар ашиглалх, рашаан ус  ашиглах өөр хуулиар зохицуулагдсан байдаг учир Баян сумын Засаг даргын захирамжийг  би хуулийн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Нэгж тайлбарын зураг, газрын байршилын зураг 2 өөр ойлголт юм. Кадастрын зураглал ба газрын кадасдрын тухай хуулийн 3 зүйлийн 3.1.4-т нэгж тайлбар гэж хилээр хязгаарлагдсан ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч өмчлөгч нь нэг, оноосон дугаартай кадастарт тусгавал зохих эдлэн газар буюу обьектыг хэлнэ гэж заасан байна. Рашаан усны тухай хуулинд орчинтой нь харьцуулсан  байршилын зураг байдаг учир би ингэж тайлбарлаж байна.

Даргалагчаас: 2000 онд Баян сумын Засаг даргад “Рашаан ус ашиглах ” хүсэлт гаргасан юмуу “Газар эзэмших хүсэлт” гаргасан юм уу гэхэд:

Нэхэмжлэгч: 0,5 га газарт газар эзэмших гэрчилгээтэй холбогдоогүй рашаан ус ашиглах гэрээ байгуулсан гэв.

Даргалагчаас: Яагаад 0,5 га газрынхаа гэрчилгээг өөрчилье гэсэн юм бэ? гэхэд

Нэхэмжлэгч: Усны тухай хууль шинээр гарсантай, холбогдон хуучин гэрчилгээгээ солих гэсэн юм.

Даргалагчаас: Баян сумын Засаг дарга таны яриад байгаа барилга байгууламж барих 0,5 га газрыг чинь хүчин болгосон гэж үзэж байна уу гэхэд:

Нэхэмжлэгч: Тийм гэв.

Даргалагчаас: Баян сумын Засаг дарга газрын тухай хуулиар бус, рашаан ус ашиглах тухай хуулиар, газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэж та үзэж байна уу  гэхэд:

Нэхэмжлэгч: Би ямар хуулиар хүчингүй болгох ёстой вэ? гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай компани зөвшөөрлийг хүчин болгох ёсгүй л гэж үзэж байна гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ярьдаа гэхэд

Хариуцагч: нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй. Наран тахилт гэх компани 0,5 га газар эзэмших гэрээ байгуулсан. Хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хашиж хамгаалаагүй гэх үндэслэлээр тус компаний гэрчилгээг хүчингүй болгон цуцлаж байгаа. Мөн рашаан ус ашиглах зөвшөөрлийг Баян сумын Засаг дарга өгөхгүй, Төв аймгийн Байгаль орчны газраас өгдөг. рашаан ус ашиглах зөвшөөрлийг мөн энэ газар цуцалдаг. Миний хувьд “Элгэн рашаан”ыг ашиглахад цуг ашиглахаар гэрээ хийгдсэн газрыг хүчингүй болгосон гэв.

Даргалагчаас: Рашаан ус ашиглах зөвшөөрлийг хэн өгөх ёстой гэж үзэж байна гэхэд:

Хариуцагч: Одоо рашаан ус ашиглах зөвшөөрлийг Төв аймгийн Байгаль орчны газар өгч байгаа. Гэхдээ “Наран тахилт” ХХК-д өгсөн зөвшөөрөл цаг хуцагааны хувьд олон жил болсон байна. Тийм болохоор тухай үед бас ямар субьект зөвшөөрөл өгдөг байсныг сайн мэдэхгүй байна гэв.

Даргалагчаас: Төв аймгийн Баян сумын Засаг даргын  2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 68 тоот захирамж, “Наран тахилт” ХХК-д  “Рашаан ус” ашиглах зөвшөөрөл өгсөн байна энэ талаар юу гэж бодож байна гэхэд:

Хариуцагч: Тухайн үеийн Засаг дарга захирамжаар ус рашаан, газар ашиглах захирамжийг өгсөн байгаа гэв.

Даргалагч: Таны өөрийн чинь гаргасан 2015 оны 02 сарын 09-ны өдрийн А/111 захирамжаар яагаад газар эзэмших эрхийг хүчингүй болсон юм гэхэд

Хариуцагч: Гол нь газраа эзэмшээд рашаан усаа ашиглах ёстой гэв.

Даргалагчаас: Рашаан ус ашиглах тухай хуулинд, “рашаан ус ашиглах зөвшөөрлийг аймаг сумын Засаг дарга” өгнө гэж заасан байна энэ талаар юу гэж бодож байна гэхэд.

Хариуцагч: Рашаан ус ашиглах зөвшөөрлийг сумын Засаг дарга өгөхгүй, аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл сумаас өгөхгүй, Төв аймгийн байгаль орчны газар өгч байгаа гэв.

Даргалагчаас: Төв аймагт рашаан ус ашиглах эрхийг хаанаас өгдөг вэ гэхэд:

Хариуцагч: Сумын Засаг дарга өгөхгүй Төв аймгийн Байгаль орчны газар өгч байгаа гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч талын өмгөөлөгч асуулт байна уу гэхэд

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Асуулт байна гээд. Төв аймгийн Баян сумын Засаг даргын хувьд хуулийн зөвлөх, газрын даамалтай хэр уялдаа холбоотой ажилладаг вэ? мөн “Наран тахилт” гэх компаний ашиглаж байгаа Элгэн рашааны талаар ямар ажил хийсэн гэхэд:

Хариуцагч: Тус компанийг рашаан ус ашиглах эрхтэй гэдгийг мэдээгүй. 2014 оны 10 сард анх мэдсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Захирамж гаргахдаа “Наран тахилт” компаний материал, бичиг баримттай танилцсан уу гэхэд:

Хариуцагч: Танилцаагүй  “Наран тахилт” ХХК нь нэгж талбарын зураг байхгүй байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэгж талбарын зургийг хэн хариуцах ёстой юм гэхэд:

Хариуцагч: Газрын даамал, тухай компани хариуцна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Анх захирамжаа гаргахдаа Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 68 тоот захирамжийг уншиж танилцсан уу?, тус захирамжинд рашаан ус ашиглах зөвшөөрөл өгсөн захирамж гаргасан байгаа, рашаан ус ашиглах, газар эзэмших гэдэг 2 тусдаа ойлголт гэв.

Хариуцагч: Би захирамж гаргахдаа рашаан ус ашиглах эрхийг хүчингүй болгоогүй, газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгосон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Төв аймгийн Баян сумын Засаг даргын  2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан захирамжийг хүчингүй болгоход “Наран тахилт” компаний хүмүүстэй холбогдож уулзаж хэлсэн үү? энэ талаар нотлох баримт байна уу гэхэд:

Хариуцагч: 2015 оны 1дүгээр сард ирж уулзахад Б.Алтантовч захиралд өөрт нь хэлсэн гэв.

              Даргалагчаас: Нэхэмжлэгч талаас асуулт байна уу гэхэд:

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ”Наран тахилт” ХХК нь рашаан ус ашиглахын тулд үйл ажиллагаа явуулах төсөл ажлаа боловсруулдаг. Ингэхэд заавал зөвшөөрөл хэрэг болно. Та өөрөө үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангаагүй юм байж, үйл ажиллагаа явуулсангүй гэж зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа юм бэ гэхэд
              Хариуцагч: Захирал Б.Алтантовч надад байгууллагынхаа талаар материалаа огт танилцуулаагүй анх 2014 оны 10 дугаар сард мэдсэн тэрнээс өмнө огт ирж байгаагүй гэв.

              Даргалагчаас: Өмгөөллөө явуулъя гэхэд

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 2000 оны 09 дүгээр сарын 27-ны 68 тоот захирамжаар тухай үеийн Төв аймгийн Баян сумын Засаг дарга нь рашаан ус ашиглах талаар захирамж гаргасан. Гэтэл рашаан ус ашиглах талаар захирамж гаргасан боловч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж мөн хуулийн хэлтэс болон газрын даамал нарын хоорондын уялдаа холбоогүйгээс болоод, Рашаан ус  ашиглах гэрээ нь \газар ашиглах\ гэрээ болон өөрчлөгдсөн. Миний үйлчлүүлэгч анх рашаан ус ашиглах гэрээ хийсэн, тэгсэн Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09 өдрийн А/111 тоот Засаг дарга Б.Шинэгэрэлийн гаргасан захирамж нь газар ашиглах гэрээг хүчингүй болгосон. Газар ашиглах талаар газрын тухай хуулинд 2 жил ашиглаагүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байна гэв.

Баян сумын Засаг дарга Б.Шинэнгэрэл хуулийн хэлтэстэйгээ, газрын даамалтайгаа хамтарч ажилладаггүй юм байна. Засаг дарга өөрөө дээрх хүмүүстээ хяналт тавиж ажиллаагүй байна. Б.Алтантовч нь 2014 оны 10 дугаар сард, 2015 оны 01дүгээр сард уулзсан тэгэхэд ямар ч хариу өгөөгүй. Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6 үндэслэн болгон гаргасан Төв аймгийн Баян сумын Засаг дарга Б.Шинэгэрэлийн гаргасан 2015 оны 02 дугаар сарын 09 өдрийн А/111 тоот захирамж нь хууль бус захирамж болсон байна гэв.

              Хариуцагч: Элгэн рашаан нь бодит байдал дээрээ бараг ширгэж үгүй болж байна. Наран тахилт гэх компани нь ашиглаж хамгаална гэж авчихаад хашиж хамгаалсан зүйл байхгүй ашиглаа ч үгүй гэв.

Даргалагчаас: Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2000 оны захирамж нь рашаан ус тухай хуулинд үндэслэн гаргасан байна. Харин Баян сумын Засаг дарга та 2015 онд гаргасан захирамжаа ямар хуулийн зүйл заалтанд үндэслэн гаргасан бэ? гэхэд

              Хариуцагч: Би газрын тухай хуулийг үндэслэж гаргасан гэв.

              Даргалагчаас: Шүүх хуралдаан гэрчийг оруул гэв:

              Гэрч: Шүүх хуралдааны тамхимд орж ирэв.

              Даргалагчаас: Гэрчид Эрүүгийн хуулийн 254.1, 254.2, 255.1, заасан эрх үүргийг тайлбарлаж өгөөд гэрчид эрх, үүрэг тайлбарласан баримтанд гарын үсэг зуруулав. Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 зүйлийг тайлбарлан өгөхөд:

              Гэрч: Ойлгосон татгалзах зүйл байхгүй гэв.

Баянхонгор аймагт 1984 онд төрсөн. Төв аймгийн баян суманд газрын даамлаар ажилладаг. Ам бүл 3 Боржигон овогт Алтангэрэлийн Гантуяа

              Даргалагчаас: хэдэн оноос Баян сумын газрын даамлаар ажиллаж эхэлсэн гэхэд:

              Гэрч: 2009 оны 11 сарын 14-нээс 2014 оны 10 дугаар сарын 1 хүртэл ажиллаж байсан.

              Даргалагчаас: “Наран тахилт” ХХК-ний талаар мэдэх зүйл байна уу гэхэд:

              Гэрч: Намайг анх ажилд ороход зөвшөөрөлтэй байсан.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК-ний зүгээс газрын төлбөр төлөх, өөр бусад ажлаар чамтай уулзаж  байсан уу гэхэд:

Гэрч: Жил болгон газрын гэрээгээ хийдэг байсан, өөр ажилаар бол уулзаж байгаагүй гэв.

Даргалагчаас: Баян Засаг дарга Б.Шинэгэрэл “Наран тахилт” ХХК-ний эзэмших эрхийг хүчингүй болгосон энэ талаар мэдэх зүйл байна уу  гэхэд:

Гэрч: Хуулийн дагуу 2 жил газраа ашиглаагүй бол хураана, гэсэн юм байдаг гэв.

Хариуцагч: “Наран тахилт” ХХК нь анх чамайг ажил орсон үеэс хойш “Элгэн” рашааны газрын төлбөрөө төлж байсан уу гэхэд:

Гэрч: Төлж байгаагүй гэв.

Хариуцагч: 2012 онд “Наран тахилт” ХХК нь газар эзэмших гэрчилгээгээ солиулахаар өөрт чинь өгсөн гэсэн энэ талаар юу гэж бодож байн гэхэд:

Гэрч: Хүнээр дамжуулж ирсэн, албан хүсэлтээ ирүүлээгүй учраас би гэрчилгээг нь сольж өгөөгүй гэв.

Хариуцагч: “Наран тахилт” ХХК нь нэгж талбарын зураг кадастрын зураг байхгүй байгаа энэ талаар чи юу гэж бодож байна гэхэд:

Гэрч: Хувь хүн хуулийн этгээд өөрсдөө кадастр хийлгээгүй байхад бид нар очихоод кадастрын зураг хийх эрх байхгүй. Мөн 14 зөрлөг хатуу цэгтэй болохоор кадастр хийх боломжгүй 2014 оноос эхэлж боломжтой болсон гэв

Нэхэмжлэгч: Гэрчээс асуух асуулт байхгүй гэв

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Наран тахилт” ХХК-тай хир холбоотой ажиллаж байсан бэ? гэхэд:

Гэрч: Б.Алтантовч эгчтэй байнга холбоотой байсан гэхдээ “Элгэн рашаан”-ы талаар биш өөр асуудлаар харилцаж байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Рашаан ус ашиглах тухай хууль” өөрчлөгдөх болоод бүх аж ахуйн нэгж гэрчилгээгээ солиулах болсон тийм байхад заавал албан хүсэлт гаргаж гэрчилгээ солиулах шаардлагатай юм уу гэхэд:

Гэрч: Албан хүсэлт авч байж гэрчилгээ сольж өгдөг. Мөн  “Наран тахилт” ХХК-ий эзэмшиж байсан газар нь олон жил болсон байсан гэв.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК газрын төлбөр төлж байсан уу гэхэд:

Гэрч: “Элгэн” рашаан дээр бол төлөгдөөгүй.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК-ний шүүхэд ирүүлсэн газрын төлбөрийн баримт байна. Элгэн рашаан, шоохойн чулууны төлбөр гэдгийг ялгаж болох уу гэхэд

Гэрч: Баримтыг ялгаж болно.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК-ий шүүхэд ирүүлсэн төлбөр нь төрийн санд, 2010 онд 50000 төгрөг, 2014 онд 8000 төгрөг төлсөн байна гэхэд

Гэрч: “Наран тахилт” ХХК-ий “Элгэн” рашааныг ашигласны төлбөр байна гэв.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК хэдэн төгрөгний төлбөр төлөх үү гэхэд:

Гэрч: Аж ахуй нэгж 1 га газар 8000 төгрөг төлдөг.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК 0.5 га газарт, 4000 төгрөг төлөх ёстой юу гэхэд

Гэрч: Тийм гэв.

Даргалагчаас: “Наран тахилт” ХХК шохойн ордонд хэдэн төгрөг төлөх үү гэхэд

Гэрч: “Наран тахилт” ХХК нь шохойн ордонд жилд 450,000 төгрөг төлдөг. Уг төлбөрийн баримт нь “Элгэн” рашааны төлбөр байна гэв.

Даргалагчаас: Хэргийн оролцогчдоос гэрчээс асуух асуулт байна уу гэхэд

Хэргийн оролцогчид: Асуулт байхгүй гэв.

Даргалагчаас: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлая, хавтаст хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад:

Хэргийн оролцогчдоос: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан асуух асуулт байхгүй гэв.

Даргалагчаас: Та “Наран тахилт” ХХК-н рашаан ус ашиглах эрхийг          хүчингүй болгосон юм уу, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон    юм уу гэхэд:

Хариуцагч: Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэв.

Даргалагчаас: Захирамжаа гаргахдаа Рашаан ус ашиглуулах тухай хуулиа уншиж судалсан уу гэхэд:

Хариуцагч: Рашаан ус ашиглах тухай хуулийг уншиж судлаагүй гэв.

Даргалагчаас: Уншаагүй юм бол захирамжаа ямар зүйл заалтанд үндэслэн гаргасан юм гэхэд:

Хариуцагч: Газрын тухай хуулинд зааснаар 2 жил  тухай газраа ашиглаагүй хашиж хамгаалаагүй болохоор хүчингүй болгосон захирамж гаргасан гэв.

Даргалагчаас: Та “Наран тахилт” ХХК-ний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж эрхийг хязгаарлаж захиргааны акт гаргаж байгаа учир, дуудаж, уулзаж хийж байгаа танилцан мэдэгдсэн үү гэхэд

Хариуцагч: Би анх 2012 онд  Засаг даргын ажлыг авсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ байтугай “Элгэн рашааныг” “Наран тахилт” гэдэг компани ашиглах зөвшөөрөл авсан эсэх талаар мэдээгүй, бичиг баримт материалтай огт танилцаж байгаагүй гэв.

Даргалагчаас: Рашаан ус ашиглах гэрээг цуцлахдаа, газрын тухай хуулиар хүчингүй болгож болох уу гэхэд

Хариуцагч: Би “Наран тахилт” ХХК-ий рашаан ус ашиглах гэрээг буруу ойлгосон байна. Холбогдох хууль тогтоомжийг судлан уншиж дахин шинэ захирамж гаргая гэв.

Даргалагч:Шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж зөвлөлдөх тасалгаанд оров.12 цаг 35 минутанд завсарлав.

 Шүүх хуралдааныг үргэлжлүүлж Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06  дугаар сарын 22-ны өдрийн 10 тоот шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгов. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7 зааснаар, Захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гартал, захиргааны уг актыг түдгэлцүүлэв, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаад шүүх хуралдаан 13 цаг 20 минутад хаав.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                      Д.ЧАНЦАЛНЯМ

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:                          А.ДОРЖПҮРЭВ

Оруулсан 2016-02-19 10:05:47
Үзсэн 43

Хэвлэх | Буцах