Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-09-14
Дугаар 121
Хэргийн индекс 135/2015/00480/И
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Буурай Баттөр
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг
Хариуцагч Төрийн банк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

   

       Б.Алтанцэцэгийн  нэхэмжлэлтэй Төрийн банкны

     Дархан–Уул  салбарт холбогдох   иргэний хэргийн тухай

 

 

                                                       

                                                      Хэргийн индекс: 135/2015/00480/И

 

           Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч   Л.Амарсанаа  даргалж,  шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Б.Баттөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Төрийн банкны Дархан-Уул  салбарт  холбогдох,

    

           Үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, зээлийн муу ангилалд шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай  иргэний хэргийг, 

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярт-Одын  давж заалдсан гомдлыг үндэслэн  2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутанд  хүлээн авч,  Ерөнхий шүүгч  Б.Баттөрийн   илтгэснээр хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Оюунхүү нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нарын  шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа :

 

 Б.Алтанцэцэг, Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Төрийн банк”-ны 102 дугаар салбартай орон сууц худалдан авах зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулан 180 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн ерөнхий хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох ёстой. Б.Алтанцэцэг би 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нар нь надаас гэр бүлийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэмжлэл аваад төмөр замын 3 өрөө сууцаа худалдаж, бусдын нэр дээр нуун дарагдуулж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргаан үүсгэсэн. Иймээс би 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны зээлийн гэрээний 3.1,4-д заасан эрхийнхээ дагуу болон Иргэний хуулийн 11.1-д заасан гарцаагүй байдлын улмаас, Иргэний хуулийн 12.1-д заасны дагуу өөртөө болон гэр бүлдээ туслах зорилгоор гэр бүлийн маргаантай асуудал шийдвэрлэтэл хамтран зээлдэгч, батлан даагч хоёроор зээл төлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Тухайн үед Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нар нь их хэмжээний мөнгөтэй байсан. Гэтэл “Төрийн банк” 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд энэ зээлийг авах үед Б.Алтанцэцэгийн орлого хангалттай хүрч байсан. Бид Б.Алтанцэцэгийн орлого хангалттай хүрч байсан учраас зээлийг Б.Алтанцэцэгт олгосон. Барьцаа хөрөнгө байхгүй болсон үед  Л.Ариунтуяа төлбөр төлнө гэж гэрээнд зааснаасаа өөр шаардлага гаргасан. Уг хэргийг шүүх хянан шийдвэрлэж Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562/А шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 242 тоот тогтоолоор Б.Алтанцэцэг, Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нарыг хамтран зээлийг гүйцэтгэх үүрэгтэй болох хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой тайлбарлаж, дээрх гурван хариуцагчаас 27,705,715 төгрөгийг адилхан гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид ч гомдол гаргасан. Шүүгч ч хамтран үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой тайлбарласан. Ингээд Б.Алтанцэцэг би Ерөнхий шүүгчийн гомдлын хариуг хүлээн авсан өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрт ногдох өрөөс илүү 10,010,300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Төрийн банк зээлийн гэрээгээ дангаараа цуцалж, зээлдэгч нартаа ялгавартай хандаж, гэм буруутай хамтран зээлдэгч, батлан даагч хоёрыг хариуцлагаас чөлөөлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Дархан-Уул аймаг дахь ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч нартай нийлж, бусдаас ирсэн авлагыг хууль бусаар авч, эд хөрөнгийг минь битүүмжлэн, үнэлж, дуудлага худалдаа зарлах зэргээр дураараа аашилж байгаа нь манай гэр бүлийн эд хөрөнгийн болон төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, орон сууцтай болох хүсэл зоригийг хязгаарлаж, миний эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулж байна. Бидний одоо амьдарч байгаа 4-32 тоот 3 өрөө сууцыг 35 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд урьдчилгаа 30%-ийг миний ээжийн мөнгөөр авсан болохыг “Төрийн банк” мэдэж байгаа. Би урьдчилгаа 10,5 сая дээр нь 6,840,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт мөн 10,010,300 төгрөгийг буюу энэ байрыг худалдаж авахад нийт 27,350,300 төгрөгийг төлсөн. Иймд Б.Алтанцэцэг миний бие 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон зээлийн төлбөрөөс өөрт ногдох төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц зээлийн гэрээний дагуу Төрийн банкны өмнө хүлээх зээлийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү. 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банк нь урт хугацааны зээлийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан атлаа зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2 хоёр хоног хэтэрсэн байхад 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа хэтэрсэн, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэвийн бус, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эргэлзээтэй, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр муу зээлийн ангилалд шилжүүлсэн нь хууль, журмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Төрийн банк хугацааны шалгуураар зээлийг ангилж муу ангилалд оруулсан гэж байгаа боловч журамд заасан хугацаа болоогүй байхад зээлийн муу ангилалд шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд зээлийн муу ангилалд шилжүүлсэн Төрийн банкны 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Б.Жавхлантөгс нар шүүхэд болон шүүх хуралдаан өгсөн хариу тайлбартаа: 

 

Зээлдэгч Б.Алтанцэцэг, хамтран зээлдэгч Л.Ариунбаяр нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банктай 002 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 /хорин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай орон сууцны зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар хороолол 4 дүгээр байрны 32 тоот 42.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй удаа дараа төлбөрийн хувиараа зөрчсөн тул банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562/А дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Б.Алтанцэцэг, Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нараас 27,410,128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 295,587 төгрөгийн хамт гаргуулж Төрийн банкинд олгох, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох    Ү-2003010272 тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 6 хороолол 4-р байрны 32 тоот 42.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь одоо хүчин төгөлдөр бөгөөд харин зээлийн төлбөр одоо хүртэл бүрэн төлөгдөөгүй зээлдэгч нар нь манай банкинд 9,295,038.67 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Иргэний хуульд зааснаар Б.Алтанцэцэгийн үүрэг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б.Алтанцэцэг нь дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээл төлөлтийг удаа дараа зөрчиж хугацаа хэтрүүлж байсан тул 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд шилжүүлсэн. Ингээд зээлдэгч нар нь зээлээ 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй тул 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр муу зээлийн ангилалд шилжүүлсэн. Муу зээлийн ангилалд шилжүүлэх шийдвэрийн Төрийн банкны зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсээс зээлийг хянаад муу ангилалд шилжүүлдэг. Муу зээлийн ангилалд шилжүүлэхдээ банк Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.3-т заасны дагуу хугацааны үзүүлэлтээр ангилж, уг журмын хавсралт 1а-д заасны дагуу муу зээлийн ангилалд шилжүүлсэн. Иймд зээлийн муу ангилалд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.     

          

           Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн банкны 102-р салбар буюу Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярт-Од шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн  хариу тайлбартаа:

 

 Зээлдэгч Б.Алтанцэцэг, хамтран зээлдэгч Л.Ариунбаяр нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банктай 002 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийн зээл авсан.  Зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа төлбөрийн хувиараа зөрчсөн тул банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562/А дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Б.Алтанцэцэг, Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нараас 27,410,128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 295,587 төгрөгийн хамт гаргуулж Төрийн банкинд олгох, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох Ү-2003010272 тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 6 хороолол 4-р байрны 32 тоот 42.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр, бүрэн биелэгдээгүй 9,295,038.67 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Б.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн ангилалд шилжүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай адил байр суурьтай байна. зээлдэгч Б.Алтанцэцэг нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй учраас Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу муу зээлийн ангилалд шилжүүлсэн. Ингэхдээ хугацааны үзүүлэлтээр ангилж зээлийн ангилалыг өөрчилсөн. ... журамд заасны дагуу хугацааны үзүүлэлтийг харгалзан тухайн зээл олгосон банк өөрөө ангилалыг өөрчилж, бууруулдаг. Иймд Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар   шийдвэрээр:

 

         Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төрийн банк, Төрийн банкны 102 дугаар салбар буюу Дархан салбарт холбогдох нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн шийдвэр хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Төрийн банкны орон сууцны зээлийг муу ангилалд шилжүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

        

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо :   

         

         Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зээлдэгч Б.Алтанцэцэг нь  зээл төлөх үүрэг ногдуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг одоог хүртэл биелүүлэхгүй банкийг хохироож байхад зээлдэгчийн эрхийг зөрчсөн мэтээр шийдвэрлэсэн нь үүргээ биелүүлэхээс бүхий л талаар зайлсхийж байгаа нэхэмжлэгчийг өөгшүүлж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн шүүх хуралд зээлдэгчийг 2012 оны 1 сарын 25-наас хойш зээлээ төлөөгүйг дурдсаар байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хавтас хэрэгт байгаа нотлох баримтаар зээлдэгч нар нь 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийг сар тутам хийж гүйцэтгэж байсан байх ба хамгийн сүүлийн эргэн төлөлтийг хуваарьт заасан хугацаанаас 2 хоног хэтрүүлэн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлжээ гэсэн нь Төрийн банкнаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь харагдаж байна.

          Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар  шийдвэрийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцсоныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, зээлийн муу ангилалд шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо: Төрийн банкнаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь харагдаж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар  шийдвэрийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцсоныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Зээлдэгч Б.Алтанцэцэг, хамтран зээлдэгч Л.Ариунбаяр нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар Төрийн банктай  зээлийн  болон барьцааны гэрээ байгуулан 24.500.000  төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлжээ.

            Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Ү-2003010272 тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн  Дархан сум 11 дүгээр баг 6 хороолол 4 дүгээр байрны 32 тоот 42.0 кв2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, Л.Ариунтуяатай батлан даалтын гэрээ байгуулжээ.   

 

            Төрийн банкны Дархан-Уул салбар нь  2012 онд зээлдэгч нар  гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа төлбөрийн хувиараа зөрчсөн тул Б.Алтанцэцэг, хамтран зээлдэгч Л.Ариунбаяр нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 27.410.120 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562/А дугаар шийдвэр, /х/х-ийн 19-20 дугаар хуудас /,Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлал /х/х-ийн 55-57 дугаар хуудас /, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоол /х/х-ийн 21-23 дугаар хуудас / , зэргээр Б.Алтанцэцэг, Л.Ариунбаяр, Л.Ариунтуяа нараас 27.410.,128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 295,587 төгрөгийн хамт гаргуулж Төрийн банкинд олгож , шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох Ү-2003010272 тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 6 хороолол 4-р байрны 32 тоот 42.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

 

            Б.Алтанцэцэг өөрт ногдох 9.000.000 төгрөгийг төлсөн тул банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ дуусгавар болсон гэж үзэж байгаа боловч шүүхийн шийдвэрээр хариуцагч тус бүрт үүргийг хэрхэн биелүүлэхийг тодорхой заагаагүй байна.

 

            Иймд түүнийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

          

            Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д  зааснаар хариуцагч нар нь төрийн банканд үлдэгдэл төлбөрөө төлөх үндэслэлтэй юм.

 

            Төрийн банкны Дархан-Уул салбар нь төрийн банкнаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь гэх боловч анхан шатны шүүх нь  зээлийн муу ангилалд шилжүүлсэн үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  үнэлэлт,  дүгнэлт өгч Төрийн банкны 2012 оны 12 дугаар сарын 24 ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь зөв байна.

           

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв .

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1 -д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 743 дугаар  шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярт-Одын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.АМАРСАНАА                                                

                     ШҮҮГЧИД                                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Б.БАТТӨР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.