Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-30
Дугаар 4248
Хэргийн индекс 102/2014/08237/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд
Нэхэмжлэгч Д.Алтанзул
Хариуцагч Түмэн цагаан ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

2015 оны 6 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2015/04248

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг 34 айл байрны 12 тоотод оршин суух, Мундаг овогт Даваацэндийн Алтанзул /РД-ЙС83100341/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 88 дугаар гудамж, Их баян төвд оршин байгаа “Түмэн цагаан” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2014оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Арвинжаргал, хариуцагч “Түмэн цагаан” ХХК-ийн захирал М.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Түмэн цагаан” ХХК-иар 4 вакум цонх, 1 хаалга, 2 балконы хаалт хийлгэхээр тохиролцож, нийт 15.89 м.кв вакумыг 1 м.кв-ыг нь 280.000 төгрөгөөр тооцож, нийт 4.450.000 төгрөгийг “Түмэн цагаан” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

Одоогийн байдлаар 7-7.5 м.кв болон 4 цонх, 1 хаалга нь хийгдэж, үлдсэн 8 м.кв вакум хаалт нь огт хийгдээгүй бөгөөд би удаа дараа шаардлага тавихад тус компанийн захирал н.Саруул нь утсаа авдаггүй, нягтлан бодогч н.Одгарав нь тодорхой хариу өгөхгүй байсан учир ажил дээр нь очиж уулзан үлдэгдэл төлбөрөө буцааж авахаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй байна.

Иймд тус компаниас 2.240.000 төрөг гаргуулж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Арвинжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хугацаа өгөөч гэж байна. Уг мөнгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.

 Хариуцагч “Түмэн цагаан” ХХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Алтанзулын нэхэмжилсэн 2.240.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Харин тодорхой хугацаа олгохыг хүсч байна. Уг төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хүсэлтийг хянаад

                                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтанзул, “Түмэн цагаан” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.240.0000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Шүүх хуралдааны үеэр хариуцагч “Түмэн цагаан” ХХК-ийн захирал М.Саруул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар талууд тохиролцож байна.

Шүүх хариуцагчийн дээрх зөвшөөрлийг Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “Түмэн цагаан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50.800 төгрөг гаргуулан Д.Алтанзулд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Д.Алтанзулын нэхэмжлэлтэй, “Түмэн цагаан” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 2.240.000 /хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны дотор нэхэмжлэгч Д.Алтанзулд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Түмэн цагаан” ХХК-иас 50.800 төгрөг гаргуулан Д.Алтанзулд буцаан олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЦЭНД

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.