Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-09-22
Дугаар 5720
Хэргийн индекс 102/2015/06182/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд
Нэхэмжлэгч М.Болдхүү
Хариуцагч Х.Хандмаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

2015 оны 9 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2015/05720

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                          

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25-42 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхболдын Болдхүү /РД-НЬ87091196/-гийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 2-84 тоотод оршин суух, Отгууд овогт Хоролын Хандмаа /РД-ДЮ72021061/-д холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболд, хариуцагч Х.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ганцэцэг, гэрч Б.Баяржаргал нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Болдхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү М.Болдхүү 2012 онд Солонгосоос амралтаараа ирсэн. Тэгээд дэлгүүрийн тэнд газар хямд зарна гэсэн зарын дагуу Х.Хандмаа гэдэг хүнтэй очиж уулзсан байсан. Тэгээд хүү маань газар авахаар боллоо, 4 айлын газар хямд байна гэсэн. Би 7 дугаар сарын 19-ний өдөр 4 айлын кадастрын зурагтай газрыг очиж үзсэн. Хүү маань “уг газрыг худалдаж авъя, бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө” гэсэн гэхээр нь би  “бичиг баримт нь бүрэн болохоор ав” гэж хэлсэн. Ингээд хүүгийн амралт дуусаад Солонгос руу явсан бөгөөд нөгөө газрыг худалдан авахаар Х.Хандмаатай тохиролцож, 6 сая төгрөгийг нь шилжүүлчихсэн байсан. 

Хүүг явсны дараа газрыг очиж эргэхэд нэг айл ирчихсэн хашаа барих гээд шон зоож байсан. Тэр хүмүүстэй уулзаад уг газрыг эзэнтэй гэхэд тоохгүй байсан. Тэгээд кадастрын зургаа аваад газрын албаныхантай очиж уулзахад тус газрыг зөвшөөрөлгүй газар байна. Монгол Улсын иргэнд 0.7 га газар олгож байхад намайг дэмий зүйл хийсэн байна, өмчлөх эрхийн гэрчилгээ газрыг зарах эрхтэй, эзэмших эрхтэй газрыг зарах ёсгүй гэж газрын албаны байцаагч хэлсэн. Ингээд Х.Хандмаатай уулзаж энэ талаар тайлбарлахад “одоо тийм боломж байхгүй, үлдсэн газар нь хашаагаа барьчих, тэгвэл би бичиг баримтыг гаргаад өгнө” гэсэн. Бид 2 сая төгрөгөөр хашаа барьчихаад Х.Хандмаад хэлэхэд надад хамаагүй гэсэн.

Түүнээс хойш нэг өдөр ирэхэд барьсан хашааг буулгаад аваад явсан байсан. Дүүргийн цагдаагийн хэлтэст хандахад газрын албатай уулз, зөвшөөрөлгүй газрыг чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд газрын албанд очиж уулзахад намайг хүнд залилуулсан байна гэсэн. Би хашааныхаа материалыг авмаар байна гэхэд тэр газар чинь зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газар, цаашид усан сан, хүүхдийн тоглоомын газар барихаар төлөвлөлтөд орсон гээд газрын зураг үзүүлсэн. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад дүүргийн прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, иргэний шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандсан. Иймд Х.Хандмаагаас 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Хандмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2009 онд Тахилтад нүүж очсон. Тэр үед газрын гэрчилгээгүй газрыг худалдаж аваад хашаа барьж, ах, дүү нартайгаа хамт амьдарч байсан.

Манай хашааны хойно ахын 4 айлын газар байсныг дугуй тойруулаад авсан байсан бөгөөд хашаа барьж чадаагүй учир зарахаар 2012 онд зар тавьсан. М.Болдхүү ирж үзээд “Би Солонгост ажилладаг, цаашид энд үйлдвэр барих газар хэрэгтэй байна” гэсэн. Би “чи хашаагаа эхлээд татчих, би хамт яваад бичиг баримтыг чинь гаргуулаад өгч болно” гэж хэлсэн.

Ингээд би 2012 онд М.Болдхүүд 4 айлын газрыг аман гэрээ хийж худалдсан. Түүнээс хойш нэг жил орчим би газрыг харж өгсөн. Би хөдөө ажлаар явах болоод аав, ээжид нь газраа хараарай, хөдөө явлаа гэдгээ хэлсэн.

            М.Болдхүү аавд мөнгө өгсөн, хашаа татна гэж хэлсэн бөгөөд аав нь хашаагаа татахгүй ахиад жил орчим болсон. Ингээд нэг айлын газар дээр нь айл хашаа барьсан барьсан байсан.

            Даруйхан ирээд хашаагаа татаач, хамт газрын алба руу явъя гэхэд ээж н.Гэрэл нь бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн, кадастрын зургийг өгөөд явуулчих гэсэн. 2012 онд газар авахдаа эхлээд хашаа татаж, кадастрын зургаа хийлгээд дараа гэрчилгээгээ гаргуулдаг байсан.

            Би их сэтгэл гаргаж энэ хүмүүсийн газрыг харж, араас нь зөндөө явсан. Одоо нэг газар дээр нь айл буучихсан байгаа, энэ хүмүүс 3 жилийн хугацаанд газраа харж хандаагүй, хашаа бариагүй. Хэрэв аман хэлцэл хийгээд 1, 2 сар өнгөрсөн бол би хариуцлага хүлээх байсан.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч М.Болдхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Х.Хандмаагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг  гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... би хашааг жил орчим харж өгсөн, ... хашаагаа хурдан хатгачихвал бичиг баримтыг хамт хөөцөлдөж гаргуулж өгье гэж олон удаа хэлсэн, ... тухайн үед эхлээд хашаа хатгаж, кадастрын зураг гаргуулаад дараа гэрчилгээгээ гаргуулдаг байсан ...” гэж тайлбарладаг./хх-23 дугаар хуудас/

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.

Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т газар өмчлөгч нь “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

Х.Хандмаа дээрх хуульд заасан эрх үүсээгүй, өөрийн эзэмшил, өмчлөлийн бус Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг М.Болдхүүд 6 сая төгрөгөөр худалдаж, түүний нэр дээр газрын бичиг баримтыг гаргаж өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1862 дугаар тогтоол, М.Болдхүү, түүний эцэг Д.Мөнхболд нарын нэр хийлгэсэн кадастрын зураг зэргээр нотлогдож байхын зэрэгцээ талууд уг үйл баримтын талаар маргаагүй. /хх-6-10, 23 дугаар хуудасны ар тал/

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байдаг тул шүүх Х.Хандмааг төрийн өмчийн газрыг иргэнд зарж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Болдхүүд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан учир нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харин хариуцагчаас уг мөнгийг гаргуулан М.Болдхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболдод буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Хандмаагаас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Болдхүүд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Хандмаагаас 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболдод буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.