Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-08-10
Дугаар 5333
Хэргийн индекс 101/2015/07154/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Эрдэнэчимэгийн Энэбиш
Нэхэмжлэгч Х.Хишигсүрэн
Хариуцагч Ц.Наранбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 4-р байр 199 тоотод оршин суух Хишигнямын Хишигсүрэн /МБ81072607/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгат 5 - 26 тоотод оршин суух Цэвэгдоржийн Наранбаяр /ОЩ84011635/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эцгийн нэр солиулах шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Хишигсүрэн, хариуцагч Ц.Наранбаяр нар хүрэлцэн ирсэн байна

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хшигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Ц.Наранбаяртай танилцаж 2006 онд гэр бүлээ батлуулсан. Улмаар гэр бүлээ батлуулсны дараа хүү Элбэгийн Ц.Наранбаяраар овоглосон. Хамтын амьдралын хугацаанд Ц.Наранбаяр нь удаа дараа хуурч, байнга маргалдан хэрэлдэж муудалцах болсон. Энэхүү байдал нь надад цаашид хамтран амьдрах итгэлгүй болгож байсан. 2009 он бид хоёр хэрэлдэж маргаад тус тусдаа амьдарч эхэлсэн. Гэтэл энэ үед Ц.Наранбаяр нь Улаанбаатар хотод өөр хүнтэй гэр бүл болсон. Иймд Ц.Наранбаяраас гэр бүлээ цуцлуулах, өөрийн хүүхэд Элбэгийн овгийг өөрчлөн солиулах хүсэлттэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Ц.Наранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хишигсүрэнгийн гэрлэлт цуцлуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, бидний дундаас хүүхэд төрөөгүй. Хүү Элбэгийн овгийн солиулахыг зөвшөөрч байна. Одоо хэн хэн нь тусдаа амьдралтай болсон гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хишигсүрэн, хариуцагч Ц.Наранбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эцгийн нэр солиулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Хишигсүрэн, хариуцагч Ц.Наранбаяр нар 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн 1820 тоот бүртгэл авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

     Гэрлэгсэд 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хариуцагч тусдаа амьдралтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хүү Н.Элбэг 2000 оны 10 дугаар сарын 13-ний өдөр төрснийг бүртгэж 26 дугаартай төрсний гэрчилгээ олгогдсон байх бөгөөд тус гэрчилгээнд хүүхдийн эцгийг Ц.Наранбаяр гэж бүртгэгджээ.

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “2004 онд Ц.Наранбаяртай танилцсан, гэрлэлтээ батлуулсны дараа хүү Элбэгийг Ц.Наранбаяраар овоглосон, одоо хүү Элбэгийн овгийг өөрчилж өөрөөр овоглох хүсэлтэй байна” гэж, хариуцагч Ц.Наранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “Бидний дундаас хүүхэд төрөөгүй, хүү Элбэг нь миний хүүхэд биш тул Х.Хишигсүрэнгийн хүүхдийн овог солиулах хүсэлтийг зөвшөөрч байна” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах шаардлагатай хамтатган хүү Н.Элбэгийн эцгийн нэрийг өөрчлүүлэх шаардлагыг гаргасан байх тул шүүх шийдвэрлэхэд харшлахгүй гэж үзлээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар хүү Н.Элбэг нь нэхэмжлэгч Х.Хишигсүрэн, хариуцагч Ц.Наранбаяр нарыг 2004 онд танилцахаас өмнө буюу 2000 онд төрсөн болох нь тогтоогдож байгаа, хүүхдийн эцэг, эхийн нэр солиулахыг зохигч харилцан зөвшөөрсөн тул хүү Н.Элбэгийн овог, эцэг, эхийн нэрийг өөрчилж эх Боржигон овогт Хишигнямын Хишигсүрэнгээр овоглуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хүүхдийг эхээр нь овоглож байгаа тул хүү Н.Элбэгийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Мөн зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон          

           

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чойнхор овогт Цэвэгдоржийн Наранбаяр, Боржигон овогт Хишигнямын Хишигсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 10 дугаар сарын 13-ний өдөр төрсөн хүү Н.Элбэгийг эх Х.Хишигсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д зааснаар хүү Наранбаярын Элбэгийн овог, эцгийн нэрийг өөрчилж эх Боржигон овогт Хишигнямын Хишигсүрэнгээр овоглосугай.

 

4. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЭНЭБИШ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.