Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-09-22
Дугаар 102/ШШ2015/05733
Хэргийн индекс 102/2015/07012/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батсүрэнгийн Хишигбаатар
Нэхэмжлэгч Д.Чойжин
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Колонкийн 1-6 тоот хаягт оршин суух, ТЖ63122901 регистрийн дугаартай, эмэгтэй, Боржигин овогт Дугарсүрэнгийн Чойжингийн,

 

ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Чойжин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Чойжин нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Дугарсүрэн овогтой Чойжин миний бие 1978 оноос 1981 он хүртэл малчнаар ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажиллаж байсан орсон, гарсан тушаал бичигдээгүй, шүүлгэж үзэхэд цалингийн тодорхойлолт байсан ба өөр ямар ч баримт бичиг байхгүй байсан юм. Иймд намайг 1978 оноос 1981 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Чойжин нь шүүхэд хандаж 1978-1981 онд Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Д.Чойжин нь 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 12 дугаар сарыг дуустал Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь гэрч Ш.Дамдиндуламын мэдүүлэг, Булган аймгийн архивын тасгийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаар албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 34 дүгээр албан бичиг болон түүнд хавсаргаж шүүхэд ирүүлсэн цалингийн баримт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Чойжингийн хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар бичилт хийгдээгүй учир тэтгэвэр тогтоолгох түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Чойжингийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ТЖ63122901 регистрийн дугаартай Боржигин овгийн Дугарсүрэнгийн Чойжинг, Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1978 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.