Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-08-06
Дугаар 237
Хэргийн индекс 139/2015/00199/И/
Шүүх Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батжаргалын Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Б.Үйлчин
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Дэрэн суманд 1965 оны 4 сарын 28-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Дэрэн сумын 4-р багт оршин суух, ЗЖ 65042809 дугаар регистртэй, Тайж овогт Батжаргалын Үйлчингийн  хүсэлттэй,

 Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргил, хүсэлт гаргагч Б.Үйлчин нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Хүсэлт гаргагч Б.Үйлчин  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн,  эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. 1981 онд  Дундговь аймгийн Дэрэн сумын дунд сургуулийн 8-р ангийг  төгсөөд тус сумын “Найрамдал нэгдэлд 1981 оны 6 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажилласан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт баталгаажуулаагүй байдлаас болоод шүүхээр шийдвэрлүүлэх болсон тул 1981 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.Үйлчин нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Хүсэлт гаргагч Б.Үйлчин нь Дундговь аймгийн Дэрэн сумын “Найрамдал” нэгдэлд 1981 оны 6 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Дундговь аймгийн Дэрэн сумын “Найрамдал” нэгдлээс 1989 оны 10 сарын 7-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 8 сар,  1988 оны 12 саруудын цалингийн тооцооны хүснэгт, Дундговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 сарын 19-ний өдрийн 147 тоот албан бичиг, гэрч Ц.Дангаагийн “…Б.Үйлчин нь 1981 оноос 1990 он хүртэл Дэрэн сумын “Найрамдал” нэгдэлд мал малласан”, гэрч Б.Тэрбишийн “…Би 1981 онд Дэрэн сумын сургуульд багшаар очиж ажилласан.              Б.Үйлчин нь 8-р ангиа төгсөөд 1981 онд “Найрамдал” нэгдэлд малчин болж байсан. 1990 онд хувьчлал болоход төв рүү орж ирж байсан”, гэрч А.Таяа “…Б.Үйлчин нь 1981 оноос 1990 он хүртэл Дэрэн сумын “Найрамдал” нэгдэлд малчин байсан хүн байгаа юм” гэх мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Батжаргалын Үйлчинг Дундговь аймгийн Дэрэн сумын “Найрамдал нэгдэлд 1981 оны 6 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Үйлчингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.