Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-14
Дугаар 00058
Хэргийн индекс 179/2016/0058/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Б.Ганзориг
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Б.Ганзориг, 
Хохирогч Г.Мөнхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банзрагч Ганзоригт холбогдох Эрүүгийн 201622000622 тоот хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хөхөө харуул овогт Банзрагчийн Ганзориг, 1985 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, З2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РТ85032672 дугаарын регистртэй.
Шүүгдэгч Б.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Тойл гэх газарт 64-52 ХӨҮ улсын дугаартай Toyoto Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодох яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчиж осол гаргаснаас иргэн Д.Цагаачийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Тойл гэх газарт 6452 ХӨҮ улсын дугаартай Toyoto Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодох яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчиж осол гаргаснаас иргэн Д.Цагаачийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Тэгээд тэд нар уулзаад гуравдугаар баг руу явъя гэсэн. Тэгээд бид нар хоёр машинаараа гуравдугаар баг руу явсан. Гуравдугаар багт бид нар 20 цаг 30 минутын барагцаанд очсон байх яг сайн мэдэхгүй байна.  Улаан-Асгат багт очоод бид нар Улаан-Асгат багийн хэсгийн хорооных нь байрлаж байсан байранд орцгоосон. Тэнд хүмүүс юм ярьж сууж байснаа архи ууцгааж байсан. Миний бодлоор тэд нар 2-3 шил архи уусан байх. Тэгээд 23 цагийн орчимд явах болсон. Улаан-Асгат багаас хөдлөхдөө талийгаач Цагаач гуай жолоочийн хажуу талын урд суудалд, ар талын суудал дээр буюу миний тушаа ард Бурмаа, Бурмаагийн хажууд 5 дугаар багийн засаг дарга Гансүх, Гансүхийн хажуу талд Ганзул, талийгаачийн зээ хүү Гансүх ахын өвөр дээр суулгасан. Улаан-Асгат багийн төвөөс хөдлөөд 2 орчим км явж байхад тээврийн хэрэгсэл жолооч тал руу рулиэ булаасан. Тэгэхээр нь хариулж дараад тормоз гишгэсэн чинь машин уначихсан. Машин унаад би машины урд талын шил хагарсан байхаар нь гарсан. Хэн хэн яаж гарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаачаас бусад нь машинаас гарчихсан байсан.  Осол болох үед 68-69 км цагийн хурдтай явсан. Би уул нь зогсоох гэж тормоз гишгисэн…Осол болох үед талийгаач бүсээ бүслээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 112-114-р хуудас/,
Хохирогч Г.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... намайг 1 дүгээр багт ажиллаж байхад манай төрлийн хүн надад хэлсэн. Зам тээврийн осолд орж нас барсан гэсэн. Талийгаач ээж маань Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар өдийг хүртэл ажиллаж байна. Зөв зүгээр эрүүл саруул ажлаа хийж яваад гэнэт нас барахаар бид нар гомдолтой байна.  Өвчин зовлонтой байж байгаад нас барсан бол яахав. Би Ганзориг гэх хүнээс 50.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би нэхэмжилж байгаа мөнгөөрөө өөрийн хүүгийн эмчилгээ болон дүүгийн сургуулийн төлбөр, талийгаачийн өр зээлийн асуудлыг дарах гэж байгаа юм… би Ганзоригтой хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцсон. Одоо гомдол саналгүй, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв /хх-ийн 28-32 дугаар хуудас/,
Гэрч Д.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд би Чандмань-Өндөр сумын сонгуулийн хорооны дарга Баасанжав, сонгуулийн хорооны гишүүн Дуламсүрэн нарын хамт Улаан-Асгат багийн сонгуулийн санал хураалтын байр руу явсан.Тэгээд бид нар ярилцаж тохироод Улаан-Асгат багийн тийшээ хамт явахаар болоод хоёр машинтай хөдөлсөн.  Миний машинд сонгуулийн хорооны дарга Баасанжав, гишүүн Дуламсүрэн нар сууж явсан. Нөгөө машинд сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Бурмаа , даамал Ганзул, 5 дугаар багийн засаг дарга Гансүх, талийгаач Цагаач зээ хүүтэйгээ, жолооч Ганзориг нар явсан.  Улаан-Асгат багт очоод Баасанжав дарга хүмүүстэй 2-3 шил архи уусан. Тэгээд бид нар 23 цаг өнгөрч байхад сумын төвийн чиглэлд хөдөлсөн. Би онхолдсон гэх машины өмнө нь явсан. Тэгээд явж байтал миний машины зүүн талын толинд гэрэл нь орж ирээд алга болчихсон. Тэгэхээр нь би юу болов гээд очсон чинь Ганзоригийн машин замын хажууд хажуугаараа унасан байдалтай байсан бөгөөд намайг очиход Ганзул хүүхэд нар машинаас гарчихсан Ганзориг машинаас гарах гээд оролдож байсан. Би очоод багийн засаг дарга Гансүхийг машинаас гаргасан. Хамгийн сүүлд талийгаачийг гаргах гэсэн чинь талийгаач толгойн хэсгээрээ машин дор дарагдсан байсан. Машин босгоод талийгаачийг харахад нас барсан нь тодорхой байсан.Тэгээд би сумын төв рүү орж хэсгийн төлөөлөгч болон эмч аваад буцаж хэргийн газарт очсон.Тэгээд эмч үзээд талийгаачийг нас барсан байна гээд бид нар гэмтсэн байж болох хүмүүсийг аваад сумын төв рүү эргэж орж ирсэн. Миний хувьд 40-50 км цагийн хурдтай явсан, Ганзориг миний араас дагаад явж байсан юм.Гадаа харанхуй болсон, машин гэрлээ тусгаж явж байсан, замын урсгал чөлөөтэй, урдаас машин ирээгүй, цас ороогүй зам бараан байсан. Ганзориг Улаан-Асгат багийн төвд очоод архи уугаагүй, өмнө уусан үгүйг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-35-р хуудас/,
Гэрч Ж.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Миний хувьд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын засаг даргын тамгын газрын даргын ажил эрхэлдэг.Мөн давхар сумын сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа. Өчигдрийн тухайд сумын сонгуулийн хорооны гишүүд хоёр хэсэг болж хуваагдаад сонгуулийн санал хураалтын хар машиныг хүргэж өгцгөөсөн юм. Миний сууж явсан машины тухайд онхолдсон гэх машины өмнө нь явж байсан. Тэгээд бид нарыг Тойгийн ам гэх газарт явж байсан чинь Болд-Эрдэнэ, Ганзориг уначихлаа гэж надад хэлсэн. Тэгээд бид нар эргэж очсон бөгөөд бид нарыг эргэж очиход машин замаас гараад уначихсан, дотроос нь талийгаачаас бусад нь гараад ирчихсэн байсан. Тэгээд бид нар талийгаачийн дээрээс машиныг холдуулах гээд хүчрээгүй, машин огт хөдлөхгүй байсан.  Тэгээд би Болд-Эрдэнийг айл руу явуулаад айлаас тороос, сур авч ирж машиныг татаж босгосон. Тухайн үед талийгаач нас барсан нь тодорхой байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад хэлээд эмч нар ирээд талийгаачийг нас барсан байна гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй, жолооч бол өөрөө дугуй хагарснаас болсон гэж байсан. Харанхуй болчихсон машин гэрлээ тусгаж явж байсан. Жаахан сартай байсан санагдана. Замын урсгал чөлөөтэй, замын нөхцөл байдал ч бас хэвийн цас ороогүй байсан... Ганзоригийг хувьд архи уусан үгүйг нь би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38-р хуудас/, 
Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  намайг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан дулаан багийн орон нутгийн сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажиллаж байхад манай хэсгийн хороон дээр хяналт тавьж байгаа болон санал хураалтын хар хайрцаг, машин хүргэж өгч байгаа гээд сумын захиргааны дотоод хэргийн ажилтан Бурмаагаар ахлуулсан хүмүүс дотор жолооч Ганзориг, талийгаач Цагаач эгч, Ганзул гэх хүн, манай хэсгийн хорооны цагдаагаар ажилласан Бат-Амгалан гэх хүмүүс очсон.Тэд нар очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд хүмүүс буцаж явахаар болоод бид нар салхинд гарсан юм чинь гээд Хайрхан толгой дээр гарч нэг шил архи задалсан, тухайн үед манай сонгуулийн хорооны хүмүүс бүгд явсан олон хүн байсан учир задалсан архи 2 тойроод дууссан. Тэгээд тэр хүмүүс яваад өгсөн, миний мэдэх зүйл энэ л байна.Жолооч Ганзориг манай сонгуулийн хороон дээр очихдоо л эрүүл архи уугаагүй байсан. Мөн бид нарын задалсан архинаас уугаагүй. Машин барьж явсан болохоор уугаагүй байх гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
Гэрч Э.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Миний хувьд сумын иргэдийн төлөөлөгдчийн хурлын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Бид нар санал хураалтын хар машин хүргэж өгөх гэж явахдаа хувь хүний машин гуйж бензин хийж өгөөд явсан бөгөөд машиныг Ганзориг барьж явсан.Тэгээд цаашаа хөдлөөд явж байсан чинь хоромхон зуурт машин хажуу талаараа уначихсан би хамгийн дор нь орчихсон байсан. Тэгээд би орилж хашгирсан. Намайг машинаас гараад харахад талийгаач машин дор дарагдчихсан нэг л эвгүй болчихсон байсан.Тэгээд бид нар машиныг газраас хөндийрүүлэх гээд чадаагүй, нөгөө машины жолооч ямар ч байсан хүн дуудья гээд багийн төв рүү явсан. Тэнд хамгаалалтанд ажиллаж байсан цагдааг нэг хүний хамт авчирсан. Замаараа айлаас тороос авч ирээд машиныг чирж дээш босгосон. Тэгээд цагдаа, эмч авчирна гээд сумын төв рүү явсан. Эмч ирээд нас барчихсан байна гэх шиг болсон. Ганзориг архи уугаагүй байсан. Намайг гэртээ байхад талийгаач Цагаач эгчийн 2 охин Мөнхтуяа, Мөнхцэцэг нар орж ирээд та болсон асуудлын талаар бид хоёрт ярьж өгөөч гэхээр би мэдүүлэгт ярьсан бүх зүйлийг л тухайн хүмүүст хэлж ярьсан. Осол болдог өдөр Ганзориг миний нүдэнд огт архи ууж харагдаагүй, архи уугаагүй гэх мэдүүлэг /хх- ийн 42-47-р хуудас/,
Гэрч Д.Ганзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын санал тоолох төхөөрөмжийн даамалын ажил эрхэлж байсан юм. ...Бид нар хоёр багийн санал тоолох төхөөрөмж хүргэж өгөөд оройн 20 цагийн орчимд сумын төвд ирсэн. Бид нарыг ЗДТГ-ын гадаа үүдэнд очиход нөгөө чиглэлд явсан машинтай хүмүүс бас ирж таарсан. Тэгээд бид нар хамт хоёр машинтай Улаан-Асгат баг руу явцгаасан. Миний сууж явсан машин ланд-80 маркийн машинд сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Бурмаа, 5-р багийн засаг дарга Гансүх бид гурав хойд талын суудал дээр сууж явсан. Харин машиныг Ганзориг гэх хүн жолоодож явсан. Жолоочийн эсрэг талын суудал дээр талийгаач Цагаан эгч сууж явсан. Харин нөгөө машинд жолоочоор Болд-Эрдэнэ тамгын газрын дарга Баасанжав, сонгуулийн хорооны гишүүн Дуламсүрэн нар явсан. Улаан-Асгат баг дээр очоод нөгөө чиглэлийн хүмүүс санал тоолох төхөөрөмжөө хүлээлгэж өгөөд бид нар гарахын өмнө 3 шил архи хувааж уусан. Тэгээд оройн 23 цагийн орчимд сумын төв рүү хөдөлсөн. Тэгээд явж байгаад бид нар хоромхон зуур онхолдсон. Бид нар машиныг хөндийрүүлж талийгаачийг авах гээд чадаагүй...Эмч хэлэхдээ тархи няцарсан байна гэж хэлсэн. Би Ганзоригийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг нь хараагүй. Бурмаа ганцаараа суудлын хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. Өөр хүн суудлын бүсээ бүслээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 48-55-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дугээр сарын 07-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтэнд: 
1.    Д.Цагаачийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Д.Цагаачийн биед гавал ясны олон хэлтэрхийт хугарал, их баг тархины няцрал, хуйх, нүүрэнд шарх, хэвлийд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. З. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр буюу жин ихтэй зүйлд толгой хэсгээрээ дарагдах үед үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь үхэлд шууд хүргэсэн байна. 5.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Д.Цагаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Д.Цагаач нь гавал, тархины хавсарсан ил гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 7. Уг шалтгаанаар нас барсан нь онош хэсгээр батлагдаж байна гэх дүгнэлт /хх-ий 72-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-13-р хуудас/,
Машины     дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 20-21-р хуудас/,
Хураан авах тогтоол, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-16-р хуудас/, 
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19-р хуудас/, 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21, 27-р хуудас/,
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 61-62-р хуудас/, 
Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын дүгнэлтэнд: 
Зам тээврийн ослын дүгнэлтэнд Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ дугаарын автомашины жолооч Банзрагчийн Ганзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, Тээврийн хэрэгслийн онцлог байдал дээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 1-р бүлгийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан байна. Зорчигч Дэндэвийн Цагаач нь Монгол улсын ЗХД-ийн 4-р бүлгийн 4.1-д зааснаар Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх гэсэн заалтыг зөрчиж хамгаалах бүс хэрэглэлгүй зорчсон байна гэх дүгнэлт /хх-ийн 64-р хуудас/, 
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 69-70, 73-75-р хуудас/ зэргээр шүүгдэгч Б.Ганзоригийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, Тээврийн хэрэгслийн онцлог байдал дээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 1-р бүлгийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.Цагаачийн амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Ганзориг нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийугэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-р хуудас/-аар тогтоогдож байна
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201622000622 дугаартай хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ төмөр металл бүхий хойд хэсэгтээ хаймартай, хаймарны хойд хэсэгт ТН414.0ЕРМАМҮ SТАNGRO гэсэн бичиглэлтэй дугуйны хошуу 1 ширхэг, Хохирогч Г.Мөнхтуяагаас ирүүлсэн гадна талдаа Newsmy 8CD-R.700 mв, 80 min disc гэсэн бичиглэл бүхий СD, Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хийгүй болсон нэг ширхэг дугуй, Шүүгдэгч Банзрагч овогтой Ганзоригийн РТ85032692 гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэрэг хураагдан ирсэн ба Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ улсын дугаартай тээврийнг хэрэгслийг битүүмжлэн ирүүлсэн байна. 
Хохирогч М.Мөнхтуяа нь шүүгдэгч Б.Ганзоригтой эвлэрсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, харилцан тохиролцох гэрээ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

         

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
1.    Шүүгдэгч Хөхөө харуул овогт Банзрагчийн Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригод оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганзоригод оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ төмөр металл бүхий хойд хэсэгтээ хаймартай, хаймарны хойд хэсэгт ТН414.0ЕРМАМҮ SТАNGRO гэсэн бичиглэлтэй дугуйны хошуу, хохирогч Г.Мөнхтуяагаас ирүүлсэн гадна талдаа Newsmy 8CD-R.700 mв, 80 min disc гэсэн бичиглэл бүхий СD зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг ширхэг дугуйг шүүгдэгч Банзрагч овогтой Ганзоригод олгож, РТ85032692 гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхийг шүүчийн туслах Ч.Батсүхэд тус тус даалгасугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийн эзэмшлийн Land cruiser 80 маркын 6452 ХӨҮ дугаартай авто машины битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзоригт урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН

        

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.