Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-01
Дугаар 00045
Хэргийн индекс 179/2016/0045/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Ч.Лхамсүрэн
Зүйл хэсэг 203.1. - Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 
 Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
 Улсын яллагч Г.Ганхөлөг,
 Шүүгдэгч Ч.Лхамсүрэн,
 Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойжилсүрэнгийн Лхамсүрэнд холбогдох хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр  хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, цаатан, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагааннуур сум 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урад овогт Чойжилсүрэнгийн Лхамсүрэн / РЦ81020470/ регистрийн дугаартай.
Шүүгдэгч Ч.Лхамсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг Шаргын Жүгнэгийн гол нэртэй газар Монгол Улсын засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтанд багтсан эр халиун бугыг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас экологи эдийн засагт 13.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Лхамсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг Шаргын Жүгнэгийн гол нэртэй газар Монгол Улсын засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтанд багтсан эр халиун бугыг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас экологи-эдийн засагт 13.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … 2016 оны 6 дугаар сарын 28-ны орчимд өөрийн онгодонд очсон. Тэгээд ууланд явж байхад хажууд буга хэвтэж байсан. Нуруу нь хугарсан юм шиг байсан. Тэгээд би бугын хүзүү рүү нь тулгаж буудсан. Тэгээд би буудсан бугаа янзлаад мах, арьсыг нь салгаад дуусгаж байхад Бямбадорж гэх хүн морьтой ирсэн. Тэгээд махыг нь даалинд хийгээд явах гэтэл тусгай хамгаалалтын Магсар, Мягмаррагчаа нар ирсэн. Тэгээд хууль бус ан хийсэн байна гээд арьс, эвэр, толгой, год зэргийг нь хурааж аваад явсан. Миний бууг бас хураан авсан… Тэгээд Улаан-Уул суман дээр 4 хоногийн дараа дуудахаар нь очиж торгууль бичүүлсэн. 13 сая төгрөгийн торгууль бичсэн…хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.    
Хохирогч Л.Шижирболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Лхамсүрэн нь надтай ирж уулзаад буга агнасан талаараа хэлсэн тэгэхэд нь би мэдсэн. Түүнээс өмнө мэдээгүй байсан. Лхамсүрэн нь Цагааннуур сумын засаг дарга, байгаль орчны улсын байцаагч Эрдэнэжав нартай ирж уулзсан. Буганы экологи эдийн засгийн үнэлгээ нь 13.200.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу орон нутгийн орлогод оруулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 18- 19-р хуудас/,
Гэрч Г.Мягмаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Цагаан-Нуур сумын 2 дугаар багийн нутаг Жүгнэгийн ам гэх газарт гүний хяналт шалгалтаар байгаль хамгаалагч Магсарын хамт мориор явж байтал буга агнасан байсан хүнтэй газар дээр нь тааралдсан. Яваад очиход бугыг алаад махыг шулаад ногоон өнгийн берзентэн богцонд хийж байсан. Тэгээд хэргийн газарт очоод богцноос нь махыг нь гаргаж зургийг нь авсан. Тэгээд хуулийн танилцуулга хийсэн. Би газар дээр нь шийдэж болохгүй учраас хамгаалалтын захиргаанд очиж улсын байцаагчаар шалгуулна гэдгийг буга алсан хүнд хэлсэн. Тэгээд махыг нь тарааж хаячихаад буга алсан нотлох баримт болгож бугын толгой, эвэр, арьс дөрвөн год хэсэг жижиг махыг хурааж авсан. Тэгээд хамгаалалтын захиргааны няравт бугын толгой, хоёр эвэр, жижиг хэсэг мах, 4 ширхэг шилбэний арьсыг хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, 
Гэрч Ш.Магсарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг Жүгнэгийн ам гэх газарт гүний хяналт шалгалтаар байгааль хамгаалагч Мягмаррагчаагийн хамт мориор явж байтал машин явдаг зам дээр морь зогсож байхад нь яваад очтол баахан мах тавьчихсан хоёр хүн сууж байсан. Тэгээд Мягмарагчаа мориноосоо буугаад хэргийн газрын зургийг авч эхэлсэн би морьноосоо буугаад бууны замгийг авсан. Махыг нь 4 дайланд хийчихсэн байсан. Дайланг суга татаад махыг асгасан. Тэгээд бугын эд зүйлийг нотлох баримтаар хурааж авлаа гэдгийг хэлээд махыг тарааж шидсэн. Бичгийн цаасны хэмжээтэй мах, год, цусан эвэр, толгойг хурааж авсан. Тэгээд маргааш нь даргад утсаар хэлж мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,
Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, 
Нөхөн төлбөр ногдуулах буу хураах тухай актын нотриатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10-11, 14-р хуудас/,
Хураан авах тухай тогтоол /х-ийн 12-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /13-р хуудас/,
 Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2016/10 тоот дүгнэлтэнд:
1.    Халиун буга нь Монгол хөхтний Улаан дансанд. олон улсын хэмжээнд "анхааралд өртөхөөргүй", бүс нутгийн хэмжээнд "устаж болзошгүй" гэж үнэлэгдсэн. 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ховор амьтны жагсаалт"-ын 9-д Халиун буга \Сеrvus еlарus L.1758\ гэж бичигдсэн байгаа тул халиун буга, согоог Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтын дагуу зөвшөөрсөн тохиолдолд агнахыг зөвшөөрнө.
2.    "Үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ"-гээр халиун бугын эр буюу бугын экологи-эдийн засгийн үнэлгээг толгой тутамд 6.600.000 мянган төгрөгөөр, эм буюу согооны экологи-эдийн засгийн үнэлгээг 7500,0 мянган төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж ногдуулна.
3.    Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж ногдуулна гэх дүгнэлт зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгч Ч.Лхамсүрэн нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 51-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэстэй байна.  Хэргийн зүйлчлэл зөв байна. 
Шүүгдэгч Ч.Лхамсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Лхамсүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан 6.600.000 төгрөгний хохирол учруулсан боловч "Үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ"-гээр халиун бугын эр буюу бугын экологи-эдийн засгийн үнэлгээг толгой тутамд 6.600.000 мянган төгрөгөөр үнэлнэ, 
Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж ногдуулна гэсэн заалтуудыг үндэслэн үнэлж 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлснийг шүүгдэгч нь төлсөн тул хохирол төлбөргүй гэж үзлээ. 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэг, цагаан саарал өнгийн халиун бугын арьс, год 4 ширхэг, толгой 1 ширхгийг зэргийг устгаж, KOK-4688 дугаартай AKM бууны сумаар бууддаг гар хийцны марк тодорхойгүй буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Урад овогт Чойжилсүрэнгийн Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 
2. Шүүгдэгч Ч.Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Лхамсүрэнг оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэг, цагаан саарал өнгийн халиун бугын арьс, год 4 ширхэг, толгой зэргийг устгаж, KOK-4688 дугаартай AKM бууны сумаар бууддаг гар хийцны марк тодорхойгүй буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд тус тус даалгасугай.
6. Эрүүгийн 201622000645 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Лхамсүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.