Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-01-30
Дугаар 00042
Хэргийн индекс 179/2016/0042/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Ц.Төвтан
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Ц.Төвтан нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Цэрэндоржийн Төвтанд холбогдох эрүүгийн 201722000051 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Түмт овогт Цэрэндоржийн Төвтан, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, эхнэр 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НМ93121511 дугаар регистртэй.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Төвтан нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд иргэн Г.Отгонтой магалдаж зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Төвтан нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд иргэн Г.Отгонтой магалдсаны улмаас зодож бие махбодид нь нурууны зөөлөн эдийн няцрал, зохинд цус хуралт, хацар, уруулд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:  
Шүүгдэгч Ц.Төвтангийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Цэцэрлэг сумын төвд Батдорж, Отгон нартай тааралдаад 1 шил архи, 1 том пиво хувааж уусан юм. Тэндээс би тэр хоёроос эмийн сан орж хүүхдүүддээ эм аваад явж байгаад дахиад Отгонтой уурын зуухны хойно тааралдсан. Тэгээд би "чи гарах болоогүй юм уу" гэсэн чинь гарахгүй гэхээр нь одоо орой болсон байна хоноод яв гэсэн чинь чам шиг гичийний хүүхэд хүүхдээр заалгахгүй гээд орилоод байхаар нь мориноос нь буулгаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон юм. Тэгээд салаад явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, 
Хохирогч Г.Отгоны хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  Би 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Цэцэрлэг сумын төвд Батдорж, Төвтан нартай тааралдаад 1 шил архи, 1 том пиво хувааж уусан. Тэгээд намайг гарахгүй бол оройтлоо гэхээр нь би чам шиг гичииний хүүхдээр заалгахгүй гэж хэлсэн. Тэгээд үүнээс болоод бид хоёр маргалдаад намайг Төвтан нүүрэн тус газар гараараа 2 удаа цохьсон юм. Тэгээд би цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-8 дугаар хуудас/, 
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Г.Отгоны биед гэмтэл тогтоогдлоо. Г.Отгоны биед нурууны зөөлөн эдийн няцрал, зохинд цус хуралт, хацар уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Төвтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Төвтаныг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Төвтан нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:
1.    Шүүгдэгч Түмт овогт Цэрэндоржийн Төвтаныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц.Төвтанд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.    Эрүүгийн 201722000051 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай. 
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5.    Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төвтанд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.НЯМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.