Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-12-16
Дугаар 1468
Хэргийн индекс 105/2015/0545/э
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Мөнхбаяр
Шүүгдэгч Т.Ерлан
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Ш.Алтанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ш.Төгсгэрэл, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг

Иргэдийн төлөөлөгчид Р.Оюун,

Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

Хохирогч Т.Батмөнх,

Шүүгдэгч Т.Ерлан түүний өмгөөлөгч К.Султанбек /ҮД:1756/ нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ерланд холбогдох эрүүгийн 201201020056 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Есагасы овогтой Түсивахын Ерлан: Монгол улсын иргэн, 1981 оны 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Кор каз” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 байр 107 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй /РД:ЧИ81081718/

Шүүгдэгч Т.Ерлан /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2011 оны 05 дугаар сард иргэн П.Наранбаатарын эзэмшлийн 00-30 УНО улсын дугаартай Форд маркийн автомашиныг өдрийн 100 ам доллараар, 2011 оны 07 дугаар сард П.Наранбаатарын эзэмшлийн 85-89 УНК улсын дугаартай Ланд Круйзер 105 маркийн автомашиныг өдрийн 180 ам доллараар түрээсэлж 2011 оны 11 сар хүртэл мөнгийг нь төлж итгэлийг нь олмогц, итгэлийг эвдэн хуурч машинуудыг бусдад зарж 80.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2011 оны 09 сарын 23-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Батмөнхийн эзэмшлийн 68-88 УБА улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 150 ам доллараар түрээслэж байгаад итгэл эвдэн хуурч мэхлэн машиныг бусдад худалдан зарж мөнгийг нь авч ашиглан завшиж 110.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Ерланаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2010 оноос эхлээд 2011 он хүртэл машин түрээслэж ашиг олдог бизнес хийдэг байсан. Ингээд Наранбаатарын таньдаг хүнээр дамжуулж Наранбаатартай Форд маркийн машиныг нь түрээслэхээр амаар тохирсон. Тэгэхдээ 2011 оны эхнээс машины хэрэгцээ гарсан үед Наранбаатараас Форд машиныг нь авч 2, 3 хоногоор заримдаа өдрөөр, заримдаа 7 хоногоор гээд янз бүрийн хугацаатай түрээсээр авч мөнгийг нь өгч байсан. Ер нь бол би хүмүүсээс түрээсээр авсан машинаа цаашаагаа өөр хүмүүст түрээслэж ашиг олдог байсан. ..Фордыг түрээслээд явж байх хугацаанд Наранбаатар өөрийнхөө Ланд круйзер 105 маркын машинаа түрээсэнд явуулья гэж санал болгосон. Тухайн үед нь би хөдөө холын замд бас машин явуулж байсан болохоор уг 105 маркын машиныг нь хөдөө Төв аймаг, Цонжин болдог зэрэг газруудаар явуулсан. /1 хх 138-139/ Лексүс 570 маркын машиныг нь түрээслэхээр аваад түрээсэнд явуулж байсан. Энэ хугацаанд урт хугацаагаар гадаадын иргэн түрээслье гэсэн санал тавьсан. Би энэ талаар Батмөнхөд хэлж тохирч урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Би Батмөнхийн машиныг өдрийн 160 ам доллараар түрээслэж байсан. гэсэн мэдүүлэг /1хх 140-141/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Наранбаатар бид 2 нэг нэгнээ танина. Би Наранбаатараас 2011 оны 200 маркын машиныг худалдаж авсан. Бид Зулзүсэмээр дамжуулж харилцдаг байсан. Фордыг түрээсээр аваад 2-3 сарын түрээсийн мөнгө төлсний дараа тохиролцоод худалдаж авсан. Наранбаатар мөнгө төгрөгний асуудалд оролцдоггүй харин Зулзүсэм шийддэг байсан. Тухайн машиныг Зулзүсэм миний нэр дээр шилжүүлсэн. Мөн ланд круйзер 105 маркын машин байна хөдөө түрээсэнд явуулж болно гэхээр нь хөдөө түрээсэнд явуулсан. Би түрээсэнд явуулах саналыг гаргаагүй. Зэрэглэлд үнэхээр хүрэхгүй байсан. Учир нь гадаадын нилээн мөнгөтэй хүмүүст түрээсэлдэг байсан. Зулзүсэм 200 эсхүл “S class” маркийн машин худалдаж авна гэхээр нь тохиролцоод ланд круйзер 105 маркын машиныг би түрээслээд Баян-Өлгий аймагт явж байсан нь үнэн. Тэгээд Баян-Өлгий аймагт явж байхдаа энэ хүн ийм үнийн санал өгч байна гэдгийг Зулзүсэмд хэлсэн. Баян-Өлгий аймагт очихоос өмнө уг машин түрээсэнд байсан, мөнгийн урьдчилаад төлсөн. Би ирсэн бичиг баримтыг Зулзүсэмд өгсөн. Шилжүүлсэн мөнгөн дээр би мөнгө нэмээд тооцоог дуусгасан. Наранбаатар, Зулзүсэм бид гурвын дунд үл ойлголцол үүссэн. Тэр нь Наранбаатар авах ёстой мөнгөө аваагүй байсан. Наранбаатар бид 2 асуудлыг шийдэж чадахааргүй байсан. Учир нь Наранбаатарын нэр дээр уг машин байсан боловч машины эзэн Зулзүсэм байсан. Түрээсийн мөнгийг оруулна, оруулахгүй гэдэг дээр маргаан үүссэн. Тэгээд бид 3 зөвшилцөөд би мөнгийг төлөхөөр болж энэ асуудлыг дуусгасан. Сьезбекийн мэдүүлгийг тодруулбал би зах дээр зарах гэж яваагүй. Энэ машиныг авъя гэхэд хүнтэй нь холбож яриулсан. Иргэний үнэмлэхний хуулбар, худалдах худалдан авах гэрээ зэрэг бүх бичиг баримтыг өгсөн. Форд машин миний нэр дээр шилжсэнийг Наранбаатар тухайн үед мэдээгүй байсан байх. Зулзүсэм  өөр хүнд шилжсэн гэдгийг хэлж байсан. Нотлох баримтууд байгаа. Сьезбек

 

ахад үнийн зөрүү гараад байна гэдгийг тайлбарлахад хохирол байхгүй гээд энэ

асуудлыг дуусгасан. Еркебулан надаас машин авч худалдаад дараа нь мөнгийн өгдөг байсан. Энэ гурван машин яг ийм процессоор худалдагдсан. Ямар фордын талаар яриад байгааг ойлгохгүй байна. Би Еркебуланаас яагаад ийм өргөдөл бичсэнийг асуухад дорвитой хариу хэлж чадаагүй. Гэхдээ гомдол, саналгүй гээд гомдлоо татаж авсан. Батмөнх бид 2 хамтарч ажиллаж байсан. Төрийн өндөр хамгаалалтын зэрэглэлтэй айлчлуудад тухайн машинуудыг түрээсэнд өгдөг байсан. Батмөнх бид 2-н хооронд англи хэлтэй жолоочийн асуудал байсан. Тэгээд би лексус 570 маркын машиныг худалдаж авахаар тохиролцоод тухайн үед боломжоороо мөнгө өгч байсан. Тухайн үед надад Тайланд хамтрагч байсан. Тэр хүн Баян-Өлгий аймагт ажилтай байсан. Лексус 570 машиныг хөдөө орон нутагт явуулахад хэцүү гэдгийг ярилцаад худалдаж авахаар шийдсэн. Намайг алга болсон гэдэг үед хөрөнгө оруулагч маань Баян-Өлгий аймгийн Булган сумын алтны орд газрыг худалдаж авахаар болоод би хөдөө явж байсан. Достыхбек ах тухайн машиныг зарна гээд явж байсан гээд мэдүүлсэн байна. Үнэхээр ийм зүйл яригдаж байсан. Тухайн машиныг Баян-Өлгий аймагт аавынхаа гражид тавьсан байсан. Үнэхээр итгэхгүй байгаа бол очиж үзээ гэж Шинэбаярт хэлж байсан. Энэ машиныг үзье, юун машин юм гэхэд нь худалдаж авах гэж байгаа гэдгээ хэлсэн. Хөрөнгө оруулагч мөнгө төгрөгийн гаргаад худалдаж авна гэдэг яриа яригдаж байсан. Тухайн үед үзье гэж байсан гэрт очиж үзсэн байх. Жан гэдэг хүнийг огт танихгүй. Булган сумын алтны ордыг худалдаж авна гээд урьдчилгаа мөнгө төлсөн байсан. Тухайн үед Улаанбаатар хот явах ажилтай болоод Тасганд тухайн машиныг Хөгөшийнд  аваачаад тавьчих гээд явуулсан. Машин өгсөнгүй гээд Тасган Достыхбек ах нарын хооронд зодоон болсныг гэрчлэх хүн байгаа. Хил дээр асуудал болох хүртэл машиныг Хөгөшийнд байлгаж байсан. Авто машины хөрөнгө оруулагчтай Бээжин хотод уулзахаар болоод очсон. Дараа нь Казакстан улсад очоод би аваарт орсон. Нилээн хугацааны дараа Тасгантай уулзахад лексус 570 маркын машины асуудал бөөн юм болж байгаад банкинд зээл тавиад шийдсэн гэж хэлсэн. Би тухайн үед Батмөнхтэй холбогдох гэсэн ч холбоо барьж чадаагүй. Надад лексус 570 маркийн машины асуудал дууссан гэж хэлсэн. Түүнээс хойш би машины наймаа тасралтгүй хийсэн. Хэрвээ Батмөнхтэй ийм асуудал байсан бол авто машин зардаг хүмүүсээр дамжуулаад холбоо барих байсан. Бид ямар нэг асуудал болоход бие биендээ хэлдэг байсан. Достыхбек ахын шилжүүлдэг мөнгийг би авдаг байсан нь үнэн гэхдээ лексус 570 маркын машины мөнгийг авч байгаагүй. Би богино хугацаагаар ирж байсан болохоор Батмөнхтэй уулзах боломж байгаагүй. Надад үнэхээр худалдаж авах мөнгө бололцоо байсан. Тухайн үед Батмөнхтэй таарсан бол газар дээр нь мөнгийн өгөх байсан. Гэхдээ би энэ асуудлыг хаагдсан гэж ойлгосон учраас уулзаагүй. Сүүлд байцаалт өгөхдөө Наранбулаг зочид буудалд Достыхбек ахтай уулзаад лексус 570 маркын машин яасан гэхэд дууссан гэж хэлж байсан. Үүнийг би байцаагчид хэлсэн. Хоригдож гарсаны дараа Батмөнхтэй уулзаад учир байдлаа тайлбарлаж, асуудлыг шийдэх талаар ярилцсан. Батмөнх намайг лексус 570 маркын машины асуудлыг шийдэж өг, шийдсэний дараа шилжүүлж өгнө гэсэн тохиролцоонд хүрсэн. Хохирлыг нь барагдуулах талаар ярилцсан. Би үнэхээр энэ машиныг зарж мөнгийн завшсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Т.Батмөнхөөс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2011 оны 09 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Кемпински зочид буудлын зогсоол дээр Лексус 570 маркын машинаа өгөөд явуулсан. Авч явахаас хэд хоногийн өмнө Лексус 570 маркын машиныг чинь зараад өгье гэж ярьж байсан. Тэгээд машин авч явахдаа машиныг чинь 80.000 ам доллараар зарна шүү, тэгэхдээ машиныг чинь зарах хүртлээ өдрийн 150 ам доллараар түрээсийг тооцож авна гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш би машинаа дахиж хараагүй, Ерлан тэр чигээрээ алга болсон. Шинэбаяраас асуухаар би хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. Машины хамгийн анх түрээслүүлсэнээс хойш нилээд удаан хугацаа өнгөрсөн учраас Шинэбаяр Ерланыг сайн мэдэж байгаа байх гэж бодсон. Тэгээд машин хамгийн сүүлд өгөөд явуулахад Шинэбаяр Ерланыг миний гараас гарахгүй гээд байхаар нь бүр ч итгэсэн. 2012 оны 01 сарын 03-ны өдөр Ерлан над руу залгаад удахгүй мөнгө төгрөгийг чинь өгнө гээд хугацаа хэлээд байсан. Яг юу гэж хэлснийг нь одоо санахгүй байна. Урдаас мөнгө орж ирнэ, тэгэхээр мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Би одоо Ерланаас 80.000 ам доллар нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 62-63/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Анх Ерлантай танилцахад машинаа өдрийн 150 доллараар түрээслэх үү гэдэг саналыг надад тавьж байсан. Тэгээд Ерланы саналыг зөвшөөрөөд түрээсээр машинаа явуулдаг байсан. Сүүлдээ Ерлан машинаа зарах уу гэдэг саналыг хэлэхэд нь бэлэн 80.000 доллар өгвөл зарна гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1 сарын хугацаагаар түрээслэн авч яваад хэл сураггүй болсон. Би өөрөө гадаад явах болсон. Ахдаа Ерлантай холбогдоод түрээсийн төлбөр аваарай гэж хэлээд явсан.  Ерлантай оноос өмнө холбогдоход 20.000 доллар өгсөн. Энэ мөнгө бол бид 2-н тохиролцсон түрээсийн төлбөр байсан. Одоо машины 80.000 доллараа нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч П.Наранбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2011 онд анх Зул гэдэг ахаар дамжуулан Ерлантай танилцаж байсан. 2011 оны 05 сарын эхээр Ерлан намайг машинаа түрээслээчээ гэж гуйсны үндсэн дээр би Ерланд Форд 00-30 УНО машинаа өдрийн 100 доллараар, 2011 оны 05 дугаар сарын 01-ээс 2011 оны 10 дугаар сарын 20 хүртэл түрээслэж мөнгөө сар сард нь авдаг байсан. Ингээд уг түрээслэх хугацаанд 5, 6, 7, 8, 9 саруудын мөнгийг өдрийн 100 доллараар бодож авсан. 10-н сарын мөнгийг авч чадаагүй. Ингэж Фордоо түрээслэж байхдаа Ерлантай мөн ярилцаж тохиролцож 2011 оны 07 сараас эхлэн Ланд Крукер 105 маркын хар өнгийн 2004 оны 85-89 УНК улсын дугаартай автомашинаа өдрийн 180 доллараар түрээслэхээр тохиролцон 2011 оны 07 дугаар сараас эхлэн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түрээслэсэн. Уг машины түрээс болох 7, 8, 9, 10 саруудын мөнгийг аваад мөн 10 сарын мөнгөө Ерланаас авч чадаагүй. Ингээд Ерланд 2 машинаа түрээсээр өгчихсөн байсан ба Ерлан 2011 оны 10 сарын сүүлээр утсаа авахаа болиод уулзахгүй болоод бүр таг болсон. Би гадуур хайж байгаад арай гэж утсаар холбогдоод машинаа нэхэхээр түрээсээ сунгачих удахгүй мөнгийг чинь бөөн өгчихнө гээд байдаг байсан. Тэгэхээр нь би үнэхээр мөнгө орж ирээд мөнгийг маань өгчих юм байх гээд итгээд яваад байсан бүүр таг чиг алга болсон. Ингээд мөнгөө ч авч чадахгүй машинаа ч авч чадахгүй алга болсон. Ингээд би хоёр машинаа өөрөө

хайж Авто тээврийн газраар 2 машин шүүлгээд үзтэл Форд маркын машиныг 99-93 УНЭ улсын дугаартай болгоод өөрчилсөн, нөгөө Ланд 105 маркын машины улсын дугаарыг 19-61 БӨТ болгон хоёуланг нь өөрчилсөн байсан. Уг нь Ерланд машинаа өгөхөд Форд 00-30 УНО, Ланд 105 маркын машин нь 85-89 УНК улсын дугаартай байсан. Ингээд 2011 оны 11 сараас хойш машинаа ч хараагүй Ерлантай ч уулзаагүй өдий хүрч байна гэсэн мэдүүлэг /1хх 62-63/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Сьезбекээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Тус аймагт Т.Ерлан нь 2011 оны 07 сарын эхээр 85-89 УНК улсын дугаартай 105 маркын Ланд автомашиныг зах дээр зарна гээд явж байсныг би хүнээс сонсож байсан юм, тэгсэн харин Т.Ерлан нь хотын хоёр залуутай манай хүнсний дэлгүүрээр орж ирэхээр нь би асуусан чинь уг машиныг 30 гаран саяаар зарна гэхээр нь гарч харсан чинь тус номертой хар өнгийн 105 маркын машин байхаар нь үзээд би хоёр ярилцаад 27.500.000 төгрөгөөр авахаар болоод тохиролцоод надаас урьдчилгаа болгож Т.Ерлан нь 5 сая төгрөг бэлнээр аваад, цаасан дээр авсан гэж бичээд өгсөн. Би машиныг нь унаад Т.Ерланы аавынд очоод машинд байсан эд зүйлсийг өгөөд, машинаа авсан. Ингээд Т.Ерлан надад чи иргэний үнэмлэхээ надад канондаад наториатаар баталгаажуулаад өгчих, би машиныг чинь чиний нэр дээр болгоод шилжүүлээд өгнө гээд надаас иргэний үнэмлэхний хуулбар аваад явсан. Наадам өнгөрөөд над руу Т.Ерлан Наранбаатар гэсэн хүний иргэний үнэмлэх ба бас миний үнэмлэхийг хуулбарлаж, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн баримт явуулсан юм тэгэхээр нь аймгийн дугаар авах гэж авто тээврийн газар очоод уулзаад гэрээгээ өгөөд би нэр дээрээ болгоод авсан. ...Тэгээд би 85-89 УНК улсын дугаарыг нь өөрчлүүлж 19-61 БӨТ улсын дугаар авч машинаа унасан болно. Тэгээд Т.Ерлан надад мессэнжерээр 3421004450 гэсэн данс өгөхөөр нь би 2011 оны 07 сарын 20-ны өдөр Төрийн банкаар 14.950.000 төгрөг шилжүүлсэн, ингээд өөрөө аймагт ирэхээр нь машинаа өөр дээрээ болгосон юм чинь гэж бодоод ирэхээр нь би 7.500.000 төгрөгөө бэлэн өгсөн юм. Тэгэхдээ тийм авсан өгсөн гэсэн бичиг баримт үйлдээгүй болно. ..2012.05 сарын эхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч манай аймагт ирж миний 1961 дугаартай ланд круйзер машиныг гэмт хэргийн замаар зарагдсан тул хурааж авч явсан. Наранбаатар гэх уг машины эзэнтэй харилцан тохиролцож би Наранбаатараас 30.000.000 төгрөгөөр худалдан авсан. ..би Т.Ерлан гэгчээс 27.500.000 төгрөг нэхэмжлэх болно. гэсэн мэдүүлэг /1хх 71-76/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Еркебуланаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2008 оноос 2010 он хүртэл Цамбагаравт амьдардаг байсан. Ерлан нь манай байрны 8 дугаар давхарт амьдардаг байсан. Тэгээд тухайн үедээ янз янзын л машин тэрэг түрээслэдэг, борлуулдаг байсан. Би Ерланаас Ниссан санни В15 маркын, Ниссан Примера, Старекс маркын машинуудыг авч байсан. Тэгээд 2011 онд Форд маркын автомашиныг 18.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаа 6.000.000 төгрөгийг нь өгчихсөн байсан. 14 хоногийн дараа үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж тохирсон байсан. Гэтэл Ерлан 6.000.000 төгрөгийг аваад алга болсон. Түүнээс хойш 1 сарын дараа шиг санагдаж байна, Ерлан намайг унтаж байхад шөнө дунд утсаар

залгаад “Нэг хүн мөнгө аваачиж өгнө, тэгээд мөнгийг нь аваад машинаа өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Маргааш нь махлагдуу эмэгтэй хүн, мөн намхандуу шар царайтай эрэгтэй хүн ирээд машины эзэн байна гээд аваад явсан. Надад мөнгө төгрөг юу ч өгөөгүй. Тэгэхээр нь Ерлан руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Ингээд түүнээс хойш алга болоод 5 жил болж байгаад цагдаа нарт баригдсан байна. Хурдхан мөнгөө олж авмаар байна. гэсэн мэдүүлэг /1хх 79/

 

Гэрч Г.Ганбатаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 68-88 УБА улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркын автомашиныг манай эхнэрийн дүү Батмөнх Ерлан гэгчид түрээсээр өгсөн юм билээ. ..Сүүлд сонсоход хоногийн 150 доллараар түрээслэж байгаа гэж байсан. Сая өнгөрсөн 10 сарын дундуур манай түрээслэж байгаа дүү Батмөнх гадаад руу сургалтанд явсан юм. Сургалтанд явсных нь дараа Лексус 570-г унаж байсан гэх өөрийнх нь жолооч Шинэбаяр гэх залуу ажлаасаа гарчихсан. Тэгээд машин тэрэг яасан гэтэл Ерлан гэх хүнд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Ерлантай холбоо тогтоох гэтэл Ерлан нь түрээсийн мөнгөө ч өгөлгүй бидэнтэй холбоо барилгүй таг болсон. Тэгтэл манай хадам аав Тогтмол над руу залгаад Батмөнх чинь гадаад руу ажлаар явчихсан, нөгөө 570 маркын машин нь таг алга болсон чи учрыг нь олох хэрэгтэй байна гэсэн. Ингээд би Ерланы овог нэрийг нь олоод машины дугаараар нь хил хамгаалах газраар шалгуулаад үзэхэд 2011 оны 11 сарын 11-нд Ерлан нь уг машиныг унаад Ховдын Булганаар урагшаа гараад 2011 оны 11 сарын 16-нд орж ирсэн байсан. Тэгээд би эрүүгийн цагдаад хандсан юм. Намайг цагдаад хандаад байж байх хооронд 11 сарын 20-ны үеэр уг машиныг Ховдын Булганы боомтоор өөр хүн унаад гараад явчихсан байсан. Үүнээс хойш эргэж орж ирээгүй. Одоо харин 2 өдрийн өмнөөс Ерлан нь манай дүү Батмөнх рүү яриад та нартай уулзая би хохиролгүй болгоно гээд байгаа гэсэн. Тэгсэн мөртлөө одоо Ерлан нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм..гэсэн мэдүүлэг /хх 81/

 

Гэрч С.Батсуураас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Достбек гэх залуутай нэг жилийн өмнө Ховд аймагт цуг Уул Уурхайн чиглэлээр цуг ажил хийж байгаад танилцсан юм. Достбек “Ерланы машины мөнгө нөгөө Хятад нь өгсөн, Ерлан манай дүүд өгчих өө гээд байна чамд доллар болон юаны данс байна уу” гэхээр нь би “тийм данс байхгүй” гэтэл “за за би эхнэр рүүгээ явуулаад манай эхнэр чам руу Монгол мөнгө болгоод явуулчихна, чи тэгэхээр нь аваад Ерланы дүү Тогтохбаяр гэх залууд өгөөдөх” гэж хэлсэн. Тэгээд мөнгө нь нийт 3 удаа цувж 43.500 доллараар бодож Монгол мөнгийг миний дансанд ирэхээр нь би түүнийг нь аваад Достыхбекийн өг гэсэн хүнд нь уулзаад өгсөн. Уулзаж өгөөд мөнгийг чинь өгчихсөн шүү гэж хэлсэн. Ерлан ч өөрөө над руу яриад та Достыхбек ахын явуулсан мөнгийг манай дүүд өгч туслаач гэж ярьж байсан. Ийм л асуудал болсон. Өөр юм мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг /хх 85/

 

Гэрч А.Достыхбекээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2011 оны 11 сарын үеэр Ерлан надтай Баян-Өлгийд уулзаад би энэ машиныг зарах гэж байгаа юм аа хүнээс мөнгөний тооцоонд 8-н сард Улаанбаатар хотоос авчираад ээж аав 2-н

гражид хийчихсэн байгаа гэж хэлсэн. Ямар машин юм бэ гэтэл Лексус 570 маркын машин байгаа гэж хэлсэн. Ер нь өөрөө Баян-Өлгий аймагт маш олон хүнд Лексус 570 маркын автомашин зарна гээд хэлчихсэн байсан. Мөн надаас танай түнш Хятадууд авахгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би Хятад руу хүнээс асуутал зургыг нь явуул харъя гэхээр нь би Ерланы гэрт очиж зургыг нь аваад Хятад руу явуулсан. Тэгтэл нөгөө Хятадууд нь энэ машин чинь 2008 оных байна авахгүй гэсэн хариу өгсөн. Тэгтэл удалгүй Ерлан уг машиныг унаад хилээр гараад явсан. Би нэг хүнтэй зарахаар тохиролцсон өгөхөөр болчихлоо гэсэн. Ингээд хэд хоногийн дараа Ерлан Хятадаас над руу яриад “Досоо ахаа би энэ машиныг тань руу эргээд явуулчихья энд авах юм байх гэтэл авахгүй гэж байна би Өрөмч ороод Жан гэх Хятадтай уулзаад авна гэвэл та эргээгээд унаад ороод ир ээ би танд 2000 доллар өгье” гээд машинаа буцаагаад нэг Ховд аймгий жолооч залуугаар явуулчихсан байсан. Ингээд 2011 оны 11 сарын 19-ний шөнө Ерлан над руу залгаад дүү нь баларлаа нөгөө Лексус 570 маркын автомашины эзэн нь мөнгөө өгөөгүй гээд Улаанбаатар хотод бөөн асуудал болгоод манай нэг дүүг хорьчихсон байна та уг машиныг аваад хил дээр хүргээд Жан гэх хүнд өгөөд мөнгийг нь аваад Улаанбаатар хотод байгаа манай эхнэрийн дүүд мөнгийг нь явуулаадах гэсэн. Тэгэхээр нь би Ерланаас энэ чинь сүүлд нь заваан юм болох юм биш биз дээ гэтэл тийм юм байхгүй ээ та санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд уг өдрөө надад Баян-Өлгий аймгийн шүүгч Хөвөөш надад машиныг авчирч өгсөн. Ингээд 2011 оны 11 сарын 21-ны өдөр Булганаар уг машинтай хил гарах гэтэл нөгөө машиныг нь авах Хятад Жан гэх хүн нь ирчихсэн надад 23.000 доллар өгсөн. Би тэрийг нь гаалийн улсын ахлах байцаагч Энхболд гэх хүнд өгөөд манай эхнэрт шилжүүлээд өгчихөөрэй гэж хэлээд өөрөө машинаа унаад цаашаа хилээр гарсан. Тэгээд би Өрөмч гэх хилээс цаашаа 500 км явдаг хамгийн том хотод нь Жан гэх Хятад хүнд аваачин өгсөн. Тэгээд Жангаас 30.000 доллар аваад эхнэр рүүгээ шууд шилжүүлсэн. ..Жангаас нийт 53.500 доллор авсан. Үүнээс 43.500 доллорыг нь эхнэрлүүгээ шилжүүлсэн. Манай эхнэр Батсуурьлуу шилжүүлээд Батсуурь нь уг мөнгийг Ерланы баз хүргэн гэх Тогтохбаяр гэдэг залууд бүрэн бүтэн өгчихлөө гэж хэлсэн. Баримт нь бүгд байгаа. 9500 доллорыг Ерланы нэрээр Ерланыг Туркед байхад нь шилжүүлэн өгсөн. 500 доллорыг нь би өөрөө Хятдад буудал хоолны зардалд хэрэглэсэн. ...Миний найзын машин гэж хэлж байсан. Мөнгөний тооцоондоо авчихсан гэж байсан. Машины гэрчилгээ өөр хүний нэр дээр байхаар нь би чиний нэр дээр биш байна ш дээ гэтэл наадах чинь асуудал байхгүй үлдсэн мөнгөө өгөөд миний нэр дээр болчих юмаа 30.000 доллор үлдсэн тэрийг нь тэр хүнд нь өгөөд миний нэр дээр болчих юмаа гэж хэлсэн. гэх мэдүүлэг /1хх 87-88/

Сэжигтнээр Б.Шинэбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Батмөнх гэдэг хүний жолоочоор 2010 оны 03 сарын 20-ны өдрөөс 2011 оны 11 сарын 04-н хүртэл ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Батмөнх нь Лексус 570 маркийн авто машиныг 2010 оны 12 сард өөрийн төрсөн дүү Мөнхсайханаас авсан. Аваад Батмөнх ажил гэр хоёрын дунд унаад явдаг байсан. 2011 оны 01 сарын 06-нд захирал Батмөнх надруу яриад маргааш чи 2 өдрийн ажилд хот дотор явах хэрэгтэй байна. 88008200 гэсэн утасны дугаар өгөөд энэ хүнтэй уулзаад юу хийхээ асуу гэсэн. Тэгэхээр нь уг утасруу яриад асуутал чи Хаан Плас зочид буудал дээр очоод Ерлан гэх хүнтэй уулзаадах

тэгээд 2 араб хотоор авч явах ажил гарах байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ерлан гэх залуутай уулзаад 2 арабыг хотоор 2 өдөр авч явж байгаад ажил дууссаны дараа Ерлан нь надад хөлс гэж 300 доллор өгөхөөр нь би түүнийг нь Батмөнх захиралд хөлс гээд өгч байна гээд өгсөн. ..07 дугаар сарын 20-дын үеэр захирал Ерланд машинаа жолоочгүй өгч явуулаад сураггүй болоод 09-н сарын 10-даар машинаа захирал өөрөө олж авсан. ..09 сарын 23-нд намайг бензтэй гадуур ажилтай явж байхад захирал Батмөнх надруу яриад чи нөгөө 570 маркийн машинаа Ерланд Аваачиж өг цаадах чинь ажил байна гэнээ гэхээр нь би хэлсэнийх нь дагуу Ерланд 570 маркийн машиныг гражаас аваад Ерланд Хаан Пласс зочид буудал дээр аваачиж өгсөн. Ингээд үүнээс хойш Ерланч таг, машин ч таг болсон. Би дахин Ерлантай уулзаагүй гэсэн мэдүүлэг /1хх 129-130/

 

Сэжигтнээр Ю.Тогтохбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Ерлан гэх хүнийг Хаан Плас зочид буудалд хаалгач хийж байхдаа 2011 оны хавраас эхлэн таньдаг болсон. Ерлан нь манай эхнэр Учралгэрэлийн төрсөн эгч Уламбаяртай үерхэж байсан залуу юм билээ. ..2011 оны 11-н сард байхаа намайг мессэнжирт байтал Ерлан ах мессэнжерт ороод ирсэн. Тэгснээ надад Суурь гэдэг хүн чамд мөнгө өгнө өө тэрнийг нь аваад Батмөнхийн ахад нь өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би за за гэсэн Ингээд удалгүй байж байтал Батсуурь гэх хүн гэрт ирээд надад 26 сая гарантай төгрөг өгчихсөн. Тэгэхээр нь би Батмөнхлүү утсаар нь яриад Ерлан гэдэг хүн өөрт чинь мөнгө өглөө ирээд авчих гэтэл за гээд ирээд авсан. Дараа нь 3-4 хоногийн дараа дахиад нөгөө Батсуурь гэх хүн нь надруу яриад дахиад мөнгө өгөх гэсэн юмаа гээд ажил дээр ирээд надад 20 сая төгрөг өгсөн. Аваад удаагүй байж байтал Ерлан нь надруу нууцалсан дугаараас яриад наад саяны авсан мөнгөө Бөмбөгөр очоод нэг хүнд өгчих гээд утасны дугаарыг өгсөн. ..тэгээд би уг хүнлүү нь яриад бөмбөгөр дээр аваачиж өгөхдөө нөгөө 20 сая төгрөгийг нь вон болгож өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 133-134/

 

Мөнгө шилжүүлсэн банкны баримт, мөнгө хүлээн авсан, өгсөн баримт мөнгө гуйвуулсан баримтууд /1хх 143-150/ Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Хил хамгаалах Ерөнхий газрын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрий 26/242 тоот албан бичиг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 633 дугаартай дүгнэлт /1хх  100/ Ланд Крузер 105 маркын автомашиныг битүүмжилсэн тогтоол зургийн хамт /1хх 38-49/, шүүгдэгч Т.Ерланы иргэний үнэмлэхний хуулбар /1хх 158/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх 153/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 155/ тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 186-188, 238/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 241-249, 2 хх 41-50/, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /2хх 2/, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 52/, авто машины үнэлгээ /2хх 80/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээ /1хх 70/, мөнгө хүлээлгэн өгсөн баримт /2 хх 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Т.Ерлан нь 2011 оны 05 сард хохирогч П.Наранбаатарын эзэмшлийн 00-30 УНО улсын дугаартай Форд маркийн автомашин, 85-89 УНК улсын дугаартай

Ланд Круйзер 105 маркийн автомашин, давтан үйлдлээр хохирогч Т.Батмөнхийн эзэмшлийн 68-88 УБА улсын дугаартай Лексус 570 маркийн автомашинуудыг итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Ерлан болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт П.Наранбаатарын гэх Форд, болон Ланд круйзер 105 маркын авто машинуудын жинхэнэ эзэн нь Зулзүсэм гэгч замын цагдаагийн хурандаа байдаг. Уг машинуудыг би түрээслэж байгаад Зулзүсэмтэй тохирч зараад мөнгийг нь түүнд өгсөн. Тэрээр Наранбаатарт зохих мөнгийг нь өгөөгүйгээс бидний хооронд үл ойлголцол үүссэн. Мөн хохирогч Т.Батмөнхийн лексус 570 маркын автомашиныг түрээслэж байгаад түрээсийн мөнгийг нь өгсөн. Уг машиныг А.Достыхбек ах зарсан байсан. Дараа нь банкнаас мөнгө авч тооцоогүй болсон гэж байсан. Би бусдыг залилж мэхлээгүй гэж мэдүүлсэн.

 

Гэвч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ерлан нь 2011 оны 05 сард хохирогч П.Наранбаатартай тохирч түүний эзэмшлийн 00-30 УНО улсын дугаартай Форд эдж маркийн автомашиныг өдрийн 100 ам доллараар, 2011 оны 07 дугаар сард П.Наранбаатарын эзэмшлийн 85-89 УНК улсын дугаартай Ланд Круйзер 105 маркийн автомашиныг өдрийн 180 ам доллараар түрээсэлж 2011 оны 9 сар хүртэл мөнгийг нь төлж итгэл олж байгаад 10 сараас төлбөрөө төлөхгүй, холбоо барихгүй зугтаж алга болсон байна. Шүүгдэгч Т.Ерлан нь 2011 оны 7 сард Баян-Өлгий аймагт 85-89 УНК улсын дугаартай Ланд Круйзер 105 маркын автомашиныг Ж.Сьезбекэд 27.500.000 төгрөгөөр, 00-30 УНО улсын дугаартай Форд эдж маркийн автомашиныг Б.Еркебуланд 18.000.000 төгрөгөөр тус зарсан байсан.

Мөн 2011 оны 07 сард давтан үйлдлээр хохирогч Т.Батмөнхийн эзэмшлийн 68-88 УБА улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг өдрийн 150 ам доллараар түрээслэнэ гэж аваад 10 сарын 20-ныг хүртэл төлбөрөө төлж итгэл олж байгаад түүнээс хойш төлбөрөө төлөхгүй, холбоо бариагүй байна. 68-88 УБА улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг шүүгдэгч Т.Ерлан нь 2011 оны 11 сард БНХАУ-ын иргэн Жан гэгчид Ховд аймгийн Булган сумын боомтоор гэрч А.Достыхбекээр хүргүүлэн зарсан болох нь тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үгүйсгэж чадаагүй, залилан мэхлэх гэмт хэрэг үйлсэн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал биш юм.

 

Шүүгдэгч Т.Ерлан нь хохирогч П.Наранбаатарын эзэмшлийн автомашинуудыг бусдад худалдахдаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэрхэн бичиг баримтыг шилжүүлсэнээ мэдүүлээгүй нь шүүгдэгч өөрт холбогдох хэргийг нотлох үүрэг хүлээдэггүй эрхээ эдэлсэн байна гэж үзлээ. Үүнийг мөрдөн байцаалтад шалгаж тодруулаагүй бөгөөд цаашид ч шалгах шаардлагагүй юм. Учир нь шүүгдэгч Т.Ерлан

нь эхлээд хохирогч нарт түрээсийн мөнгө төлөн итгэлийг олж аваад улмаар автомашинуудыг бусдад зарах зорилгоор өөрийн эзэмшилд оруулсанаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг төгссөн байна. Өөрөөр хэлбэл үүнээс хойш ямарч хэлбэрээр уг автомашинуудыг захиран зарцуулах эрхтэй болжээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүх Т.Ерланыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авч онц их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааж, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ерланы үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Наранбаатарт 80.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс Тоёота ланд круйзер 105 маркын автомашины үнэ 30.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Сьезбекээс авсан байна. Харин форд эдж маркын авто машины үнэ 50.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн баримт байхгүй боловч хохирогч П.Наранбаатараас энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна гэж бичгээр хүсэлт ирүүлсэн байна. Гэвч эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролыг иргэний журмаар тусад нь шийдэх боломжгүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Хохирогч Т.Батмөнхөд шүүгдэгч Т.Ерланаас 26.550.000 ам доллар өгсөн /хх 49-51/ гэх боловч энэ нь өмнө автомашин түрээслэж байсаны төлбөр, засвар үйлчилгээний үнэ төлсөн болохыг шүүх хуралдаанд хохирогч мэдүүлсэнийг, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн.

Иймд шүүгдэгч Т.Ерланаас 160.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Наранбаатарт 50.000.000 төгрөг, хохирогч Т.Батмөнхөд 110.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Сьезбек нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байгаа, иргэний нэхэмжлэгч Б.Еркебулан нь 5 сая төгрөгийн авлагаа иргэний журмаар жич шийдүүлэх хүсэлтэй тухайгаа тус тус бичиж нотариатаар батлуулан шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн байцаалтын явцад Ж.Наранцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож холбогдох ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Т.Ерланд холбогдох хэргийн улмаас түүнд хохирол учраагүй буюу иргэний нэхэмжлэгч Ж.Наранцэцэгийн “Буянт уран хайрхан” ХХК ны авто ломбардаас шүүгдэгч Т.Ерлан өөрийн эзэмшлийн мерседес бенз маркын 3000 УБҮ улсын дугаартай авто машиныг барьцаалан зээл авсан байна. Энэ нь шүүгдэгч Т.Ерланд холбогдох хохирогч П.Наранбаатар, Т.Батмөнх нарыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамааралгүй байх тул иргэний нэхэмжлэгч Ж.Наранцэцэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 292.2 дахь хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэгч Ж.Сьезбекын нэхэмжлэгийг нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Еркебулан, Ж.Наранцэцэг нарын нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхив.

Шүүгдэгч Т.Ерланы 2015 оны 06 сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 сарын 16, 2015 оны 11 сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  134 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт Ланд круйзер 105 маркийн хар өнгийн 19-61 БӨТ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2012 оны 05 сарын 24-ны өдрийн мөрдөн байцаагчийн, мерседес бенз маркын 3000 УБҮ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Есагасы овогтой Түсивахын Ерланыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авч онц их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ерланыг 5.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ерланд оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ерланы цагдан хоригдсон 134 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт Ланд круйзер 105 маркийн хар өнгийн 19-61 БӨТ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2012 оны 05 сарын 24-ны өдрийн мөрдөн байцаагчийн, Мерседес бенз маркын 3000 УБҮ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ерланаас 160.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Наранбаатарт 50.000.000 төгрөг, хохирогч Т.Батмөнхөд 110.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.Сьезбекын нэхэмжлэгийг нэхэмжлэлээс татгалзсан

үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Еркебулан, Ж.Наранцэцэг нарын нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ерланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАЯР

                       

                                  ШҮҮГЧИД                                                   Ш.ТӨГСГЭРЭЛ

  

             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.10.28 269 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Ганбаатар 148.3.